Азийн Залуучуудын Зөвлөлийн гүйцэтгэх хорооны хуралд оролцлоо
Филиппиний залуучуудын үндэсний зөвлөлөөс энэ сарын 16-19-ний өдрүүдэд “Нэг Ази” Залуучуудын чуулганыг зохион байгуулсан бөгөөд энэ үеэр гүйцэтгэх хорооны гишүүд хуралдаж 2014 оны Азийн залуучуудын чуулганы бэлтгэл ажил болон зөвлөлийн бусад асуудлыг хэлэлцлээ.
Мэдээллийн алба

Филиппиний залуучуудын үндэсний зөвлөлөөс энэ сарын 16-19-ний өдрүүдэд “Нэг Ази” Залуучуудын чуулганыг зохион байгуулсан бөгөөд энэ үеэр гүйцэтгэх хорооны гишүүд хуралдаж 2014 оны Азийн залуучуудын чуулганы бэлтгэл ажил болон зөвлөлийн бусад асуудлыг хэлэлцлээ. МЗХ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга С.Болорцэцэг Монголд болох чуулганы сэдэв болон хөтөлбөрийг танилцуулан илтгэл тавьж зөвлөлийн гишүүдтэй санал бодлоо солилцлоо.
“Нэг Ази” залуучуудын чуулган Азийн орнуудын залуучууд 2015 хойших Мянганы Хөгжлийн Зорилтуудыг хэрэгжүүлэхэд ямар үүрэг оролцоотой байх, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, боловсрол, оролцооны талаар санал бодол туршлагаа солилцсон бөгөөд Монголд болох Азийн залуучуудын чуулганаар тэдгээр тулгамдаж буй асуудлыг нэгтгэн дүгнэж бичиг баримт болгон боловсруулж цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох юм. Энэ удаагийн гүйцэтгэх хорооны хуралд Хятад Өмнөд, Солонгос, Бруней, Индонези, Тайланд, Малайз, Камбожийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бөгөөд зочид эхний өдөр Манила хоттой танилцаж, 21 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа олон улсын ДОХ-ын эсрэг (International HIV AIDS Candle Lighting Memorial) үйл ажиллагаанд хүндэт зочноор оролцсон байна.
Орой нь болсон хүндэтгэлийн хүлээлт авалтад Азийн залуучуудын зөвлөлийн Ерөнхийлөгч ноён Хир Тояа болон зөвлөлийн гишүүд, Филипин улсад суугаа элчин сайдын яамдын төлөөлөл, Филиппиний төрийн байгууллагын болон Үндэсний Залуучууд зөвлөлийн удирдлагууд байлаа. Филиппиний залуучуудын үндэсний зөвлөл үндэснийхээ залуучуудын төв байгууллага бөгөөд засгийн газрынхаа шууд удирдлага дор ажиллаж бодлого шийдвэрт залуусын дуу хоолой, үзэл бодлыг хүргэдэг юм байна.
Залуучуудын зөвлөл муж тосгон бүрт идэвхитэй ажилладаг бөгөөд орон нутгийн төсвийн 10 хувь тэдгээр зөвлөлд хүрдэг нь тогтвортой үйл ажиллагааны үндэс болдог. Хоёр жилд нэг удаа болдог Үндэсний Залуучуудын парламентийн хурал мөн энэ өдрүүдэд болсон бөгөөд залуучуудын талаарх хууль дүрэмд ямар өөрчлөлтүүд оруулах саналтай байгаагаа хэлэлцэн бичиг баримт болгон боловсруулж Конгресд өргөн барьдаг юм байна. Хуралд Филипиний өнцөг булан бүрээс ирсэн 24 хүртэлх насны залуучууд маш идэвхитэй оролцдог.


















