Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Б.Баасансүрэн: Ээж ээ, хүү нь таньдаа хязгааргүй их хайртай

ИБНАУ-д явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” олон Улсын ажиллагаанд ХБНГУ-ын зэвсэгт хүчинтэй хамтран “Мармал” баазад үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Б.Баасансүрэн: Ээж ээ, хүү нь таньдаа хязгааргүй их хайртай
Б.Баасансүрэн: Ээж ээ, хүү нь таньдаа хязгааргүй их хайртай. Зураг: МҮОНРТ

ИБНАУ-д явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” олон Улсын ажиллагаанд ХБНГУ-ын зэвсэгт хүчинтэй хамтран “Мармал” баазад үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын Х ээлжийн багийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс “Ээждээ бичих захиа” захидал, шүлгийн уралдааныг санаачлан өнгөрөгч 10 дугаар сарын 20-25-ны өдрүүдэд нийт бие бүрэлдэхүүний дунд зохион байгуулж явуулсан байна.

Энэхүү уралдаан нь бие бүрэлдэхүүний чөлөөт цагаа зөв зүйтэй өнгөрүүлэх, эвсэг, найрсаг хамт олныг бүрдүүлэхэд чиглэгдсэн онцлог ажил, арга хэмжээ болсон төдийгүй нийт бие бүрэлдэхүүн амжилттай оролцлоо. Тодруулбал, I байр – дэд ахлагч Б.Баасансүрэн /Зэвсэгт хүчний 014 дүгээр анги/, II байр – ахлагч Ю.Батхүрэл /Зэвсэгт хүчний 350 дугаар анги/, III байр – дэд ахлагч Б.Сүхбаатар /Зэвсэгт хүчний 167 дугаар анги/ нар тус тус тэргүүлсэн юм.

"Ээждээ бичих захиа" уралдаанд тэргүүн байр эзэлсэн дэд ахлагч Б.Баасансүрэнгийн захидлаас / Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн компрессорчин-жолооч/

"Сайн байна уу? Ээжээ захидал очих өдрийн мэнд хүргэе! Өөр хэний ч төлөө боловч тасралтгүй урсах уран үгс хорвоо дээр “Хамгийн хайртай” гэж нүүр бардам хэлэх тэр хүний өмнө амнаас гарч өгдөггүй нь гачлантай.

Үнэндээ хорвоод хайр гэдэг үг таныгаа дуудах ээж гэдэг үгтэй тэнцэнэ. Хатуу хахир хорвоогийн хөрсөнд эмзэхэн нэг үр болон ирэхэд зөөлөн гар дулаан сэтгэл, харамгүй хайр, бүлээн сүүгээрээ тэтгэн ургуулсан та бол ХАЙР билээ. Энэ дэлхийн хамгийн сайхан үг энэрэл, элбэрэл, гэгээн сайхан бүхний илрэл, эрхэт орчлонд эхээс мэндэлсэн хүн бүхний зүрхний дуудлага бол ЭЭЖ гэдэг үг юм. Яаж ч ядраад очиход халуун энгэртээ тэврээд өмгөөлөх ижийтэй би баян хүн.

Нэг л өдөр хэзээ нэг цагт одоо хэлье гээд гүйгээд очиход үүрд орхиод явчих вий гэж айсандаа, оройтсон хойно нь хар толгойгоо зүхэн суухгуйн тулд одоо би амжиж захидал бичиж сууна. Энэ дэлхийн хамгийн эгшиглэнт үгээр таныгаа дуудан, эр хүн болгон өсгөн хүмүүжүүлсэн таньдаа ХЭМЖЭЭСГҮЙ ХАЙРТАЙ гэдгээ энэ захиагаараа уламжилья ЭЭЖЭЭ. Хайртай гэж сэтгэлээсээ хэлэхээс өөр далай их ачийг тань хариулах зүйл байхгүй. Ичиж зовсондоо биш ээжээ энэ хорвоод таныг гэх сэтгэлийг минь гүйцэж илэрхийлэх үг хомсдсон учир миний хэлэх онцгой гайхалтай, уран яруу биш боловч сэтгэлийн гүнээс гарсан үнэн үгс билээ. Ээж ээ, хүү нь таньдаа хязгааргүй их хайртай".

Хуваалцах