Б.Баатар: Н.Энхбаярын тухай нэвтрүүлэг хийж эхлэхээс авахуулаад маш их дарамттай байсан
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцож байх үеийн хар дүрс интернэтээр цацагдсан.
Мэдээллийн алба

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцож байх үеийн хар дүрс интернэтээр цацагдсан. Н.Энхбаяр төдийгүй түүний эхнэр О.Цолмонгийн бичлэг цацагдсаны дараа интернэт хэрэглэгчид “Херо энтертайнмент” студи энэ бичлэгийг тараасан гэх цуу яриа ч гаргасан. Харин өнөөдөр тус студийн захирал Б.Баатар сэтгүүлчдэд мэдээлэл хийж бичлэг хулгайд алдагдсан гэдгийг хэллээ.
Тэрбээр энэ талаар “Бидэнд одоогоор тодорхой мэдэж байгаа зүйл алга. Ямар ч байсан маш нарийн зохион байгуулалттай бүлэглэлийн хийсэн хэрэг гэдэг нь дүрсүүдийг цацаж байгаагаас харагдаж байна. Бид та бүхэнд хүрэхээс хоёр, гурав хоног л устгах гэж 30-40 хүний бүрэлдэхүүнтэй багаараа ажиллаад дийлсэнгүй. Youtube, Facebook рүү утасдаж устгуулахаар байнга ярьсан ч эргээд өөр акаунтаас ороод ирдэг. Манай сервер тийм ч амархан халдлагад өртөх газар биш. Тиймээс бид цагдаагийн байгууллага, оюуны өмчийн газар гээд холбогдох бүх газруудад яаралтай арга хэмжээ авч, илрүүлж өгөхийг хүссэн. Цахим гэмт хэрэг гэдэг хэзээд ул мөр үлддэг учир удахгүй илрэх байх гэж найдаж байна” гэсэн юм.
Түүнчлэн зарим хүний ярьж байгаа шиг манай студиэс зохион байгуулалттай тараасан хэрэг биш гэлээ. Мөн улстөржүүлж харах юм бол Ц.Элбэгдоржийн сонгуулийн өмнөх нэвтрүүлгийг хийж байсан. Бид өөр улс төрийн холбогдолтой нэвтрүүлэг хийгээгүй. Бичлэгээ Монголынхоо хэмжээнд хамгийн баталгаатай серверт хадгалсан байсан гэдгийг дахин хэлье. Н.Энхбаяр гэдэг хүнийг Монгол Улсын нэгэн үеийн Ерөнхийлөгч байсан учраас бид нэвтрүүлэгт оролцуулсан. Би тэр хүнийг нэвтрүүлэгт оролцуулахаасаа өмнө нэг их мэддэггүй байсан. Харин нэвтрүүлэгт оролцуулснаас хойш хүндэлж явах болсон. Ерөнхийдөө “Херо энтертайнмент” Н.Энхбаярын тухай нэвтрүүлэг хийж эхлэхээс авахуулаад маш их дарамттай байсан. Манай хоёр хөтлөгчөөс гадна над руу нэлээн нэр бүхий хүмүүс залгаж байсан хэмээн ярилаа.
Үүнээс гадна алдагдсан бичлэгүүд дотор студийн хийж байсан С.Зориг агсны баримтат киноны материал байгаа гэсэн юм.


















