Б.Золзаяа “Залуу хүн” цуврал лекцийн зочноор уригдлаа
Монголын залуучуудын холбооноос зургаа дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа “Залуу хүн” цуврал лекцийг сонсоогүй, дуулаагүй мөн лекцэд ирж суугаагүй залуус ховор байх.
Мэдээллийн алба

Монголын залуучуудын холбооноос зургаа дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа “Залуу хүн” цуврал лекцийг сонсоогүй, дуулаагүй мөн лекцэд ирж суугаагүй залуус ховор байх. Өнгөрсөн хоёр долоо хоногийн баасан гарагуудад тус лекц болсон юм. Анхны зочноор “Эзэнт гүрний туульс” номын зохиогч С.Эрдэнэболд оролцож “Зоригдол” сэдвээр лекц уншсан бол Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтсан цуврал лекцийн зочноор “Хамтын халуун сэтгэл” ТББ-ын тэргүүн З.Сарантуяа оролцож “Итгэлцэл” сэдвээр лекц уншлаа.
Тэгвэл энэ удаагийн зочноор Хүний эрхийн активист Б.Золзаяа оролцож “Жендэрийг энгийнээр” сэдвээр лекц унших гэж байна. Түүний талаар товч өгүүлэхэд, Б.Золзаяа нь Хүний эрх, Жендэрийн шударга ёс, Ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр 2008 оноос эхлэн ажиллаж ирсэн туршлагатай. Энэ чиглэлээр хамт олныг бэхжүүлэн чадавхижуулах болон бодлогод нөлөөлөх түүнчлэн олон нийтэд мэдээлэл түгээх, нөлөөлөх олон төслүүд дээр удирдан манлайлж ажилласан бөгөөд одоо “Өөрчлөлтийн төлөөх Залуу Эмэгтэйчүүд” ТББ-ын ерөнхий зохицуулагчаар ажиллаж байна.
Мөн Хүний эрх, Жендэрийн эрх тэгш байдлын төлөө олон сонгуульт ажлыг давхар хашдаг юм байна. Энэ долоо хоногийн баасан гараг буюу энэ сарын 14-ний өдөр 17:37 минутаас МЗХ-ны төв байранд болох лекцэд ирж жендэрийн талаар илэн далангүй, халуун дотно яриа өрнүүлээрэй.


















