“Баатарван транс” компанийн үйл ажиллагааг түр зогсоов
тус компанийн ажилчид болон нутгийн иргэд энэ сарын 18-ны 21:00 цагийн орчимд маргалдсаны улмаас 15 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байдаг.
Мэдээллийн алба

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт ашигт малтмал олборлох эрхтэй “Баатарван транс” компанийн үйл ажиллагааг түр зогсоох тухай захирамжийг тус аймгийн Засаг дарга гаргажээ.
Эргэн сануулахад, тус компанийн ажилчид болон нутгийн иргэд энэ сарын 18-ны 21:00 цагийн орчимд маргалдсаны улмаас 15 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байдаг.
Уг компанийнхан уурхай нээлгэхдээ тухайн багийн ИТХ-аар хэлэлцүүлж зөвшөөрөл аваагүй үйл ажиллагаа явуулсан бөгөөд орон нутгийн бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулалт хийгээгүй, нутгийн иргэдийг ажлын байраар хангадаггүй аж. Үүнтэй холбогдуулан эмх замбараагүй байдал дахин үүсэхээс сэргийлж, Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.6, Ашигт малтмалын тухай хуулийн 12.1.2 дахь заалтыг үндэслэн дээрх арга хэмжээг авсан байна. Ингэснээр тус компанийнхан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хянан шалгах Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийн дүгнэлт, хууль хяналтын байгууллагын шийдвэр гарах хүртэл үйл ажиллагаа явуулах эрхгүй болов.


















