Баавгайн халдлагад өртөж амь насаа алдсан иргэний ар гэрт олгох нөхөн төлбөрийн асуудлыг шуурхай шийдвэрлэхээр боллоо
Мэдээллийн алба

Хүрэн баавгай суурьшлын бүс рүү олноор орж ирж буй нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, БОУАӨЯ-ны газрын дарга Т.Балжинням, Экологийн цагдаагийн албаны дарга, хурандаа Н.Отгонжаргал, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирал Д.Гантулга нар албан ёсны мэдээлэл өгч, дараах арга хэмжээнүүдийг танилцууллаа.
Засгийн газраас баавгайтай холбоотой асуудлыг шийдвэрлэх хүрээнд унтуулгын буу, сум худалдан авах шийдвэр гаргаж, худалдан авах ажиллагааг эхлүүлээд байна.
Энэ сарын 16-наас унтуулгын буу худалдан авахаар төлөвлөсөн.
Мөн галт зэвсэг ашиглах эрх бүхий албан хаагчдыг дайчлан ажиллуулж, ан агнуурын тусгай зөвшөөрөлтэй анчидтай хамтран ажиллаж байна.
Суурьшлын бүсэд баавгай олноор орж ирж буй шалтгааныг тодруулахаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд хүний амь нас, эд хөрөнгөд хохирол учруулж буй баавгайд шуурхай арга хэмжээ авч байна.
Түүнчлэн баавгай олноор үзэгдэж, суурьшлын бүсэд нэвтэрч буй газруудад галт зэвсэг ашиглах эрх бүхий албан тушаалтнуудыг ажиллуулж, иргэдийн аюулгүй байдлыг хангахад анхаарч байна.
Баавгайн халдлагаас өөрийгөө болон бусдыг хамгаалах зорилгоор зайлшгүй арга хэмжээ авч, баавгайг устгасан тохиолдолд холбогдох ху уль тогтоомжийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх зохицуулалт бий.
Монгол Улсын Шадар сайдын өгсөн үүрэг, даалгаврын дагуу мал тооллогоос гадна зэрлэг ан амьтдыг, тэр дундаа хүрэн баавгайг сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан нэгдсэн байдлаар тоолохоор төлөвлөн ажиллаж байна.
Улсын онцгой комиссын (УОК) III хуралдаан болон Ерөнхий сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу баавгайн халдлагад өртөж амь насаа алдсан иргэний ар гэрт олгох нөхөн төлбөрийн асуудлыг хуулийн хүрээнд шуурхай нэгтгэн шийдвэрлэхээр боллоо.


















