Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙ“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
1/4
Улс төр

С.Бямбацогт: Эв эеэ эрхэмлэн дээдэлж, улс Монголынхоо төлөө хамтдаа зүтгэцгээе...

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
С.Бямбацогт: Эв эеэ эрхэмлэн дээдэлж, улс Монголынхоо төлөө хамтдаа зүтгэцгээе...
С.Бямбацогт: Эв эеэ эрхэмлэн дээдэлж, улс Монголынхоо төлөө хамтдаа зүтгэцгээе...

Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдааныг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт үг хэллээ.

Тэрбээр: "Эрхэм хүндэт ард иргэд ээ!

Улс, аймаг, цэргийн цолтой хүчит бөхчүүд ээ!

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхт 102 жилийн ойн баярын цогтой халуун мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлье!

Бидний өвөг дээдэс эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнолоо үеийн үед эвийн хүчээр бат сахин хамгаалах эрхэм гэрээсийг үр хойч бидэндээ өвлүүлэн үлдээсэн.

Монгол Улсын тусгаар тогтнол, монгол эх орны минь аюулгүй байдлыг монголчууд биднээс өөр хайрлан дээдэлж, хамгаалан сахих хэн ч үгүй. Талцах бус нэгдэн нягтарч, хийрхэн тэмцэх бус хийж бүтээж, хэн нэгнээ үгүйсгэх бус дэмжье.

Дээдсээс өвлөсөн монгол бөхөд ёс жудаг, дээдлэх сүлдтэй монгол төрд шударга ёс, дэлхийд данстай Монгол Улсад маань эв нэгдэл хамгаас чухал.

Бид хайрлах нэг эх оронтой, хамгаалж нандигнах нэг хувь заяатай, хамтдаа бүтээх нэг ирээдүйтэй ард түмэн гэдгээ ухамсарлаж, эв эеэ эрхэмлэн дээдэлж, улс Монголынхоо төлөө хамтдаа зүтгэцгээе.

Өлзий ерөөлт Монголынхоо өв соёлыг өвлөн тээж, өнөр дэлгэр түмнийхээ баяр цэнгэлийн манлай болсон бөхчүүд Та нар бол төрт ёс, түүх уламжлалынхаа мөнхөд үргэлжлэх алтан хэлхээ гэдгээр гүнээ бахархаж байна.

Эрэмгий хүчит бөхчүүддээ үндэсний бөхийнхөө ариун ёс жудгийг хүндлэн сахиж, бяр чадал, уран мэхээ уралдуулан, бөхөд хайртай монгол түмэндээ урамтай сайхан барилдаан үзүүлэхийг хүсэн ерөөе.

Монгол бөхийн босоо цагаан хийморь өнөд бадраг!

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал бат оршиж, монгол түмний эв нэгдэл үеийн үед төмөр хүрээ мэт батжин бэхжих болтугай.

Бүгд Найрамдах Монгол Улсаа тунхагласны түүхт 102 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан нээснийг мэдэгдье" гэв.

Хуваалцах