Багахангайн залуус спортыг сонгож байна
Монголын Залуучуудын Холбоо нь нийслэлээс алслагдсан дүүрэг болох Багахангай дүүргийг залуучуудын хот болгох, залуучуудыг нь хөгжүүлэх, идэвхижүүлэх, оролцоотой болгох, нэгдүүлэх олон ажлуудыг долоо хоног бүр зохион байгуулсаар
Мэдээллийн алба

Монголын Залуучуудын Холбоо нь нийслэлээс алслагдсан дүүрэг болох Багахангай дүүргийг залуучуудын хот болгох, залуучуудыг нь хөгжүүлэх, идэвхижүүлэх, оролцоотой болгох, нэгдүүлэх олон ажлуудыг долоо хоног бүр зохион байгуулсаар байгаа. Тэд эхний удаад “Инээмсэглэсэн Багахангай”, “Эрүүл Багахангай” уриалгыг дэвшүүлж олон ажлуудыг хийсэн. Тэгвэл энэ удаад “Спортлог Багахангай” аяныг эхлүүлж Спорт өдөрлөг зохион байгуулсан бөгөөд уг аяны нээлтэнд МЗХ-ны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат өндөр ач холбогдол өгч биечлэн оролцлоо. Энэхүү өдөрлөгийн хүрээнд Багахангай дүүргийн иргэдийн дунд бүх нийтийн гүйлт зохион байгуулж, уг өдөрлөгт оролцсон залуус сагсан бөмбөг болон гар бөмбөгийн нөхөрсөг тоглолтонд идэвхитэй оролцсон юм.
Түүнчлэн тус өдөрлөгийн хүрээнд Нийслэлийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн мэргэжилтнүүд Багахангай дүүргийн эмч сувилагч нарт сонирхолтой сургалт, лекц зохион байгууллаа. Мөн үеэр зохион байгуулагдсан томоохон үйл ажиллагааны нэг нь МЗХ 11-р сарыг 16 настнуудын сар болгон зарласантай холбогдуулан уг аяны нээлтийг Багахангай дүүргээс эхлүүлсэн юм. Монгол улсад 16 нас хүрсэн хүн иргэний үнэмлэхээ гардан авч, Монгол улсын иргэн боллоо гэж үздэг. Нэг ёсондоо 16 нас хүрч өөртөө эзэн болох , нийгмийн амьдралд оролцох оролцоо боломж нь нэмэгдэж хариуцлага үүргээ илүү ухамсарлах хүний амьдралын хамгийн сайхан үе юм. Тиймээс 16 нас хүрсэн “Эрхэм Залуус”-таа Монголын Залуучуудын Холбооны энгэрийн тэмдгийг гардуулан өгсөн юм.


















