Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Байнгын хороодын хамтарсан хуралдаан болов

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй байнгын хороо болон Өргөдлийн байнгын хорооны энэ сарын 28-ны өдрийн хамтарсан хуралдаан “Туул голын ойр орчимд олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талаарх” мэдээллийг үргэлжлүүлэн хэлэлцэж, гишүү

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Байнгын хороодын хамтарсан хуралдаан болов
Байнгын хороодын хамтарсан хуралдаан болов. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй байнгын хороо болон Өргөдлийн байнгын хорооны энэ сарын 28-ны өдрийн хамтарсан хуралдаан “Туул голын ойр орчимд олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талаарх” мэдээллийг үргэлжлүүлэн хэлэлцэж, гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг байнгын хорооны тогтоолын төсөлд “нийслэлийн хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр гэр хорооллын 220 мянган айл өрхийн нүхэн жорлонг жилд нэг удаа төрөөс ариутгах, нийслэл дундуур урсаж байгаа голуудыг цэвэрлэж ариутгах, нөхөн сэргээх”, Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат “чулууны ширхэглэлийн стандартыг MNC 67 13, 2018 гэж нэмж оруулах” зэрэг саналуудыг тусгах шаардлагатай гэж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тогтоолын төслийн “төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан түгээмэл тархацтай ашигт малтмалын эрэлт, нийлүүлэлтийн судалгаа, төлөвлөлт дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрөл шинээр тусгай зөвшөөрөл олгох, цуцлах асуудлыг судлан шийдвэрлэх” гэж өөрчлөн найруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжив.

Ингээд гишүүдээс гаргасан саналуудыг Байнгын хорооны тогтоолын төсөлд нэмж тусган, батлая гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76.2 хувь нь дэмжив.

“Засгийн газарт чиглэл өгөх тухай” уг тогтоолын төсөлд гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн биелэлтийг нийслэл болон Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт зохион байгуулсан талаар танилцуулах, нийслэлийн нутаг дэвсгэрт уулын дайрганаас хайрга гарган авах боломжийг судлан шийдвэрлэх, нийслэл болон Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалыг тээвэрлэх маршрут, цагийн хязгаарлалтыг тогтоож, хууль бус олборлолт, тээвэрлэлтийг таслан зогсоож, буруутай этгээдэд хариуцлага тооцох зэрэг асуудлуудыг тусгасан байлаа.

Хуваалцах