Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан МҮЭХ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн С.Чинзориг нар өнөөдөр /2016.10.28/ Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан МҮЭХ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан МҮЭХ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн С.Чинзориг нар өнөөдөр /2016.10.28/ Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангах, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын холбогдох конвенциудад нэгдэн орох зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлж, тус Байнгын хороо болон Үйлдвэрчний эвлэлийн холбооны цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцохоор ирснээ уламжлав.

Хэдийгээр улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа боловч иргэдийн цалингийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Салбар бүрт цалин, хөлсийг нэмэгдүүлэх боломж бий. Тухайлбал, соёл урлаг, боловсрол, эрүүл мэндийн салбар төсвөөс гадна өөрсдийн явуулж буй үйл ажиллагаанаас орлого олдог. Үүнээс олсон мөнгөний тодорхой хувийг ажилтанд урамшуулал хэлбэрээр бус, үндсэн цалин болгож олгох бололцоотой бөгөөд үүнийг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэх шаардлагатай байна хэмээн Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, Монголын ажилтан, албан хаагчдын ҮЭ-ийн холбооны дарга М.Алтанцэцэг нар хэлж байсан юм.

Түүнчлэн тус холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн биелэлтийг хянаж, уг хэлэлцээрийг үр дүнтэй болгох тал дээр Байнгын хорооноос анхаарч ажиллахыг хүсэв.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан УИХ-ын зүгээс хөдөлмөр, нийгмийн хамгааллын өмнө хүрсэн бодлого, үйл ажиллагааны үр дүнгээ дордуулахгүй байхыг зорьж буйгаа онцлоод Байнгын хорооны зүгээс хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Тэрбээр “Засгийн газрын мөрийн хөтөлбөрт дундаж давхаргыг дэмжих бодлого түлхүү туссан. Хөдөлмөрийн үнэлэмжийн асуудал чухал. Цалин хөлсийг нэмэгдүүлэхдээ дан ганц инфляцтай уялдуулах биш, хөдөлмөрийн бүтээмжтэй холбох хэрэгтэй. Та бүхний дэвшүүлсэн салбар бүрийн онцлогт тохируулан цалин хөлсийг нэмэх эрх мэдлийг салбарын сайд нарт олгох саналыг зөв гэж үзэж байна. Энэ тал дээр Байнгын хороо анхаарч ажиллана” хэмээв.

УИХ-ын гишүүн С.Чинзориг төрийн албан хаагчдын 36 сарын тэтгэмжийг өмнөх зохицуулалтын дагуу олгох асуудал Байнгын хороогоор дэмжигдсэн талаар мэдээлэв.

Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааны бусад асуудлаар ярилцаж, санал солилцлоо.

Хуваалцах