Байшин орон сууцны тооллогын Орхон аймгийн комисс хуралдлаа
Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын хүрээнд Байшин, орон сууцны тооллогыг энэ онд орон даяар зохион байгуулж эхлээд байна. Энэхүү тооллого нь 1960 онд улс хоршооллын байгууллагаас
Мэдээллийн алба

Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын хүрээнд Байшин, орон сууцны тооллогыг энэ онд орон даяар зохион байгуулж эхлээд байна. Энэхүү тооллого нь 1960 онд улс хоршооллын байгууллагаас хийгдсэн орон сууцны фондын тооллогоос хойш анх удаа зохион байгуулагдаж байна. Хаягийн зурагт суурилан газарзүйн мэдээллийн систем, мэдээлэл цуглуулалтын шинэ арга ашиглаж байгаагаараа мөн онцлогтой.
Тэгвэл Орхон аймгийн хувьд Байшин, орон сууцны тооллогын комиссыг аймгийн Засаг дарга Д.Батлут ахлан ажиллаж байгаа бөгөөд комиссын гишүүдээр хэлтэс агентлагийн удирдлагууд ажиллаж байна. Энэ удаагийн хуралдаанаар Байшин орон сууцны 2019 оны тооллогыг зохион байгуулах аймгийн тооллогын комиссын гишүүдэд Статистикийн хэлтсийн дарга Б.Туул БОСТ-ын нарийвчилсан төлөвлөгөөг хэрэгжүүлэх, анхаарах асуудлууд, удирдлага зохион байгуулалт, онцлог, зорилго, ач холбогдол, арга зүйн талаар мэдээлэл өглөө. Хуралдааны төгсгөлд Байшин, орон сууцны тооллогын комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Д.Батлут тоологчдын аюулгүй байдлыг хамгаалах, уялдаа холбоог сайжруулах талаар үүрэг өглөө.
Байшин орон сууцны энэ удаагийн тооллогын үндсэн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглаж байгаа хүн амьдран суух зориулалттай бүх байшин, орон сууцны сан хөмрөгийг бүрэн тодорхойлох, орон сууцны фонд, хийц, ашиглалт, хүчин чадал, дэд бүтцийн хүртээмжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийн сантай болох зорилготой юм.
Ингэснээр хүн амын орон сууцны хангамжийг сайжруулах чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрийг оновчтой боловсруулахад шаардагдах тоо мэдээллийг бүрдүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилгуудын шалгуур үзүүлэлтүүдийг тооцох, анхдагч мэдээллийг бүрдүүлэх зэрэгт хаягт суурилсан Байшин, орон сууцны тооллого ихээхэн ач холбогдолтой гэж Үндэсний статистикийн хороо үзэж байна гэж Орхон аймгийн мэдээллийн төвөөс мэдээллээ.


















