Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Балбад болсон шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ

Балбын Ерөнхий сайд Балендра Шах Хиндү болон Исламын шашинт иргэдийн хооронд үүссэн мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алдсаны дараа иргэдийг тайван байж, эв нэгдлээ хадгалахыг уриаллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Балбад болсон шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ
Балбад болсон шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ. Зураг: МҮОНРТ

Балбын Ерөнхий сайд Балендра Шах Хиндү болон Исламын шашинт иргэдийн хооронд үүссэн мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алдсаны дараа иргэдийг тайван байж, эв нэгдлээ хадгалахыг уриаллаа.

Эмх замбараагүй байдал өнгөрсөн ням гарагт Энэтхэгийн хилтэй залгаа Сунсари дүүргийн Деванганж тосгонд эхэлжээ. Хиндү шашинтнуудын жагсаалын үеэр чанга хөгжим эгшиглүүлсэнтэй холбоотой маргаан хурцдаж, өмнө нь цахилгааны шон дээр байсан Исламын шашны тугийг буулгаж, оронд нь Хиндү шашны туг байрлуулсан асуудал хоёр талын зөрчлийг улам даамжруулсан байна. Улмаар хоёр тал чулуу шидэлцэж, мөргөлдөөн өрнөхөд цагдаа нар эхлээд анхааруулах буудлага хийж, дараа нь гал нээсний улмаас нэг хүн амиа алдаж, олон хүн шархаджээ.

Уг явдлын дараа хөрш Сираха дүүрэгт эсэргүүцлийн жагсаал өрнөж, лхагва гарагт дахин хоёр хүн амиа алдсанаар нийт хохирогчийн тоо гурав болжээ. Эсэргүүцэгчид зарим барилга, худалдааны төвийг галдан шатааж, эрх баригчид хэд хэдэн дүүрэгт хөл хорио болон олон нийтийн цуглааны хязгаарлалт тогтоосон байна.

Ерөнхий сайд Балендра Шах мэдэгдэлдээ, мөргөлдөөний улмаас амь үрэгдсэн иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд, гэм буруутай этгээдүүдийг хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэж, хэргийг ил тод, шударгаар шалгана гэдгийг онцолжээ. Мөн улс төрийн намууд, шашны байгууллагууд, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нөхцөл байдлыг хурцатгахгүй байж, нийгмийн эв нэгдлийг хамгаалахад хамтран ажиллахыг уриалжээ.

Балба нь олон шашинт улс боловч хүн амынх нь дийлэнх нь Хиндү шашин шүтдэг. Сүүлийн жилүүдэд Энэтхэгтэй хил залгаа өмнөд бүс нутагт шашин хоорондын хурцадмал байдал үе үе гарч байгаа бөгөөд энэ удаагийн хэрэг нь сүүлийн жилүүдэд гарсан хамгийн ноцтой мөргөлдөөний нэгт тооцогдож байна.

Хуваалцах