Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Балканы орнуудын дүрвэгчдийн талаарх бодлогыг Пан Ги Мун шүүмжиллээ

Балканы хойгийн орнууд өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагаас эхлэн зөвхөн Ойрхи Дорнодын орнууд болон Афганистаны дүрвэгчдийг хилээрээ нэвтрүүлж,

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Балканы орнуудын дүрвэгчдийн талаарх бодлогыг Пан Ги Мун шүүмжиллээ
Балканы орнуудын дүрвэгчдийн талаарх бодлогыг Пан Ги Мун шүүмжиллээ. Зураг: МҮОНРТ

Балканы хойгийн орнууд өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагаас эхлэн зөвхөн Ойрхи Дорнодын орнууд болон Афганистаны дүрвэгчдийг хилээрээ нэвтрүүлж, харин дайн хямралд өртөөгүй бүс нутгаас очсон цагаач дүрвэгчдийг буцааж эхэлсэн. Энэ үйлдлийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун эрс буруушаажээ.

Дүрвэгчдийн хямралыг далимдуулан Ази, Африкийн орнуудын эдийн засгийн цагаачид хил нэвтрэхээс сэргийлэх зорилгоор хил нэвтрүүлэх журмаа чангатгах шийдвэр гаргасан гэж Словени, Серби, Македон зэрэг Балканы орнууд тайлбарлаж байгаа юм. Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун цагаач дүрвэгчдийг гарал үндсээр нь ялгаварлан гадуурхаж байгаа энэ үйлдэл нь гарал угсаа үл харгалзан орогнол эрэх хүний эрхийг зөрчиж байна гэлээ.

Ийнхүү зарим улс орон хилийн журамдаа дур мэдэн өөрчлөлт оруулж эхэлсэн нь цагаач дүрвэгчдийн хямралын үеэр хилийн нэгдсэн, уялдаа холбоо бүхий зохицуулалт шаардлагатайг харуулж байгааг тэрээр мөн цохон тэмдэглэсэн байна. Балканы хойгийн орнуудын дээрх шийдвэрээс үүдэн эдгээр улсын залгаа улс орнуудын хилд цагаач дүрвэгчдийн бөөгнөрөл үүсээд байгаа юм. Ийнхүү хил дээр гацсан хүмүүсийн ихэнх нь Хойд Африкийн орнууд болон Иран, Морокко, Пакистан, Бангладешийн иргэд байна.

Македон руу орж чадалгүй Грекийн нутагт гацсан 1000 гаруй цагаач дүрвэгчийн зарим нь эсэргүүцлээ илэрхийлж, даваа гарагт Грек, Македоны хил дээрх төмөр замыг хаасан. Мөн долоон эрэгтэй амаа оёж, өлсгөлөн зарлажээ. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар хаанаас ирснээс нь хамааруулж тухайн хүн дүрвэгч үү, эсвэл эдийн засгийн цагаач уу гэдгийг тодорхойлох нь өрөөсгөл гэдгийг Балканы орнуудад сануулж байгаа юм.

Хуваалцах