Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Балтын тэнгист НАТО-гийн гишүүн орнууд хамтарсан сургуулилт хийж байна

Умард Атлантын Гэрээний Байгууллага НАТО-гийн хөлөг онгоцууд Балтын тэнгист цэргийн сургуулилт хийж байна

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Балтын тэнгист НАТО-гийн гишүүн орнууд хамтарсан сургуулилт хийж байна
Балтын тэнгист НАТО-гийн гишүүн орнууд хамтарсан сургуулилт хийж байна. Зураг: МҮОНРТ

Умард Атлантын Гэрээний Байгууллага НАТО-гийн хөлөг онгоцууд Балтын тэнгист цэргийн сургуулилт хийж байна. Энэ сургуулилтад Умард Атлантын цэргийн эвслийн 15 гишүүн орны 4 мянга 500 орчим цэрэг, 41 хөлөг онгоц, 4 шумбагч онгоц оролцож байгаа юм. Сургуулилтад оролцох баг бүрэлдэхүүн өнгөрсөн ням гарагт Эстонийн нийслэл Таллин хотын боомтоос гарсан байна.

НАТО-гийн хөлөг онгоцууд Балтын тэнгисийн бүх хэсэг, тэр дундаа Финлянд, Швед, Германы эргийн бүс нутгийг хамран цэргийн сургуулилт хийж байгаа юм. Түүнчлэн АНУ-ын тэнгисийн явган цэргийн хөлөг онгоцууд Оростой хил залгаа оршдог НАТО-гийн гишүүн бус орон Финляндын эрэгт сургуулилт хийх гэж байгаа нь шинжээчдийн анхаарлыг татсан бас нэг сэдэв болж байна.

Финляндын зүүн хөрш болох ОХУ Умард Атлантын цэргийн эвсэл Балтын тэнгисийн бүс нутагт цэргийн сургуулилт зохион байгуулж байгааг удаа дараа шүүмжилж ирсэн юм. Оросын хилтэй ойролцоо өргөн хэмжээний цэргийн сургуулилт зохион байгуулах нь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд аюул занал учруулж байна гэж тус улсын эрх баригчид үздэг.

Гэвч энэ удаагийн сургуулилт Оросыг өдөөн хатгах бус, харин НАТО-гийн гишүүн орнууд аюулгүй байдлаа батлан хамгаалах зорилготойг АНУ хэлж байна. Тэнгисийн болон хуурай замын ажиллагааг хослуулан сургуулих нь энэ оны Балтын тэнгист өрнөж байгаа сургуулилтын гол зорилго болж байна. Балтын тэнгис дэх НАТО-гийн цэргийн сургуулилт энэ сарын 19-ний өдөр өндөрлөх юм.

Хуваалцах