“Банкны салбарын ажилтны өдөр” тохиож байна
1924 оны зургаадугаар сарын 2-нд Монгол, Зөвлөлт Орос улсын хувь нийлүүлсэн хөрөнгөөр Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк байгуулагджээ.
Мэдээллийн алба

1924 оны зургаадугаар сарын 2-нд Монгол, Зөвлөлт Орос улсын хувь нийлүүлсэн хөрөнгөөр Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк байгуулагджээ. Анх нээгдэхдээ 260 мянган янчааны хөрөнгөтэй, 22 орон тоотой, үүний дотор зөвлөлтийн мэргэжилтэн 18, монгол ажилчид 4 байжээ. Энэ бол Монголбанкны суурь тавигдсан түүхт үйл явдал байв.
Хориод онд мөнгөний шинэчлэлт хийж, Монголын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг гүйлгээнд гаргаж, худалдаа бэлтгэлийн ажиллагааг санхүүжүүлж, зах зээлийн барааны хангамж, үнийн хөдөлгөөнийг зохицуулж, ардын аж ахуйтанд зээл олгож байсан нь Монголбанкны үндсэн үйл ажиллагаа болж байлаа. Тэр үед Монголбанкны бүх ажилчдын 20 хүрэхгүй хувийг монголчууд бүрдүүлж байсан тоо баримт бий.

1950-иад он гэхэд Монголбанкны аппарат өргөжин бэхжиж бүх аймаг, томоохон хот сууринд өөрийн салбартай болж, ЗХУ-ын мэргэжилтнүүдийн харамгүй тусламжийн ачаар үндэсний боловсон хүчин бэлтгэгдэж нийт ажилчдын 98 хувийг эзлэх болов. ЗХУ Монголбанкинд оруулсан өөрийн хувь хөрөнгө, хувьцааг 1954 онд монголын талд шилжүүлэн өгснөөр Монголбанк БНМАУ-ын Улсын банк болон зохион байгуулагджээ.
1950-иас 1991 он хүртэл Улсын банкны даргын албан тушаалыг Г.Балжид, Л.Лхамсүрэн, П.Төмөр, Д.Данзан, Г.Хүдэрчулуун нар хашиж байсан бөгөөд энэ хугацаанд 400 гаруй санхүү банкны тэргүүний ажилтан төржээ.
Улс төр, нийгэм, эдийн засагт шинэчлэл хийгдэж 1990 онд "Аж ахуйн банк байгуулах болон түүний үйл ажиллагааны нийтлэг дүрэм", 1991 онд "Банкны тухай хууль" батлагдсанаар Монгол Улсад 2 шатлалт банкны тогтолцооны хөрс суурь тавигджээ.
Банкны 2 шатлалтай тогтолцоонд шилжсэнээс хойш өдгөөг хүртэл арилжааны 31 банк байгуулагдаж, үйл ажиллагаа явуулснаас 17 банк нь өөрийн үйл ажиллагааны алдаа, эндэгдлээс шалтгаалан санхүү, төлбөрийн чадваргүй болон дампуурч, дүрмийн санг тогтоосон хэмжээнд хүргээгүй, бусад банктай нэгдэх, татан буугдах зэргээр үйл ажиллагаагаа зогсоож Монголбанкнаас олгосон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.
Нэмж мэдээлэхэд, 2014 онд Засгийн газраас тогтоол гаргаж Банкны салбарын ажилтны өдрийг жил бүрийн зургаадугаар сарын 02-ны өдөр тэмдэглэдэг болсон юм.
Эх сурвалж: Монголбанк


















