Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Барилга угсралтын 81 ААН-д урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 81 барилга угсралтын компаниудад хөдөлмөрийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид хяналт шалгалт хийж, дараах арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Барилга угсралтын 81 ААН-д урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
Барилга угсралтын 81 ААН-д урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна. Зураг: МҮОНРТ

Барилгын талбайд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хянах, барилгын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор МХЕГ-ын даргын баталсан 01/53 дугаартай “2021 онд үйл ажиллагаа эхлүүлсэн болон сэргээсэн аж ахуйн нэгж байгууллагуудад урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 81 барилга угсралтын компаниудад хөдөлмөрийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид хяналт шалгалт хийж, дараах арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.

Барилгын талбайд гадны хүмүүс нэвтрэх боломжийг хязгаарласан хашаагаар хамгаалагдсан, хүн олноор зорчих газарт явган замын саравчаар тоноглогдсон байхаас гадна аюулгүй ажиллагааны тэмдэг, барилгын хамгаалалтын хаалт, хашлага, хүрээ хийгдсэн байх ёстой. Шалгалтанд хамрагдсан барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын 38 хувьд түр хашаа хийгээгүй, стандарт бус хашаатай, хийсэн хашаа нь нурсан.

Барилга угсралт явагдаж байгаа ажлын байр эмх цэгцтэй, талбай дээрх зам, материал хийц хэсэг, бүтээц хураах газрыг заасан гарцтай, цэвэр цэмцгэр байх ёстой. Шалгалтанд хамрагдсан ААНБ-ын 9 хувьд ажлын байрны эмх цэгц алдагдсан.

Ажил олгогч нь ажилтнууддаа ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангахаас гадна сургалтанд хамруулах үүрэгтэй. Шалгалтанд хамрагдсан ААНБ-ын 28 хувь нь ажлын хувцсаар хангаагүй, өндрийн бүс зүүлгээгүй, стандарт бус малгай өмсгөсөн байна.

Дээрх зөрчлүүдийг арилгуулан шалгалтын явцад 11 ААНБ-ын барилгын гадна талбайд явган хүний саравчтай хашааг шинээр тоноглуулж, засварлах, тэмдэг тэмдэглэгээг ил тод харагдахуйц газар байрлуулах, 8 барилгын объектод шөнийн цагт байнгын гэрэлтүүлэгтэй байлгах, 4 барилгын хашаа, хамгаалалтын байгууламжуудын аюулгүй байдлыг сайжруулах нэмэлт арга хэмжээг авч хэрэгжүүлэх, болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

Хуваалцах