Барилгын компаниуд Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж байна
Барилгын компаниуд өөрсдийнх нь санаачилгаар Түрээсийн орон сууцны төсөл хэрэгжүүлж эхэллээ.
Мэдээллийн алба

Барилгын компаниуд өөрсдийнх нь санаачилгаар Түрээсийн орон сууцны төсөл хэрэгжүүлж эхэллээ. Улаанбаатар хотод 2019 оны хагас жилийн байдлаар орон сууцны зах зээл дээр 22 аж ахуйн 32 төслийн 3877 айлын орон сууцны төслийг 1-5 жилийн хугацаатай түрээслүүлээд өмчлүүлэх замаар борлуулж байгаагаас 2496 айлын орон сууцыг түрээсэлж, 1381 айлын орон сууц түрээслэгдээгүй байна.
Түрээслүүлээд өмчлүүлэх замаар борлуулж буй орон сууцны борлуулалтын явц 64 хувьтай явагдаж буй бөгөөд “Бармон” ХХК Чингэлтэй дүүргийн 9, 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн 1000 орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 234 айлын орон сууцыг 5 хүртэл жилийн хугацаатай хүүгүйгээр түрээслээд өмчлүүлэхээр төлөвлөж байна.
Дээрх төслийн хүрээнд 3358 өрхийн 43 блок орон сууцны барилга, 720 хүүхдийн ортой цэцэрлэг, 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгуудыг тус тус ашиглалтад оруулах юм. Түүнчлэн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Шинэ үе констракшн” ХХК-ийн “Санни Сайд апартмент”, “Оч-Үжин” ХХК-ийн “Би-ван” /B-оne/ түрээслүүлээд өмчлүүлэх орон сууцны төсөл хэрэгжүүлж байна.
Эх сурвалж: БХБЯ


















