Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори нээгдэв

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жил, Сүхбаатар аймагт барилгын байгууллага үүсч хөгжсөний 50 жилийн ойг энэ өдрүүдэд Баруун-Урт хотноо тэмдэглэн өнгөрүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори нээгдэв
Барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори нээгдэв. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жил, Сүхбаатар аймагт барилгын байгууллага үүсч хөгжсөний 50 жилийн ойг энэ өдрүүдэд Баруун-Урт хотноо тэмдэглэн өнгөрүүлж байна. Ойн хүрээнд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дэргэд Барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори байгуулан нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Лабораторийн нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Т.Амарбаатар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Хишигбадрах, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Х.Энхцэцэг, Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Б.Алтансүх нар болон барилгын салбарын үе үеийн ажилтан албан хаагчид оролцлоо. Лаборатори байгуулагдсанаар барилгын материалын чанарт тавих хяналт сайжран, барилгын чанар дээшилж иргэн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах таатай нөхцөл бүрдэнэ гэдгийг нээлтэд оролцсон албаны хүмүүс онцолж байлаа.

Барилгын угсралт материалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 14 аж ахуйy нэгж байдаг бөгөөд тэд аймагтаа лабораторитой болж, цаг хугацаа, эдийн засгийн хувьд хэмнэлттэй нөхцөл бүрдэж байгаад талархалтай хандаж байгаагаа илэрхийлж, “Сэвүүн уудам тал” ХХК-ийн хамт олон лабораторийн тохижилтод зориулан 500 мянган төгрөг хандивласан юм.

Тус лаборатори нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 343 тоот тогтоолоор батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Бүсийн тулгуур төвүүд болон аймгийн төвүүдэд барилгын материалын сорилт шинжилгээний иж бүрэн лаборатори байгуулах”-аар тусгагдсаны дагуу байгуулагдсан барилгын материал, хийц бүтэц, эдлэхүүний шинж чанарыг Монгол Улс болон олон улсад дагаж мөрдөгдөж байгаа стандартын дагуу тодорхойлох орчин үеийн шинэ техник, технологи, багаж, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон лаборатори юм.

Анх 2012 онд бүсийн тулгуур төвийн лабораторид 11, аймгийн төвд Үүнд конусан суулт, бат бэхийн даралтын пресс, механик иж бүрдэл, шигшүүр гэсэн 3 нэр төрлийн тоног төхөөрөмж хүлээн авч ажиллаж эхэлсэн байна. Лабораторийн үйл ажиллагааг өргөжүүлэн тоног төхөөрөмж нэмж, одоогоор 20 сая төгрөгийн үнэ бүхий 6 нэр төрлийн тоног төхөөрөмжтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна. Элс хайрга, дайрганы холимогийн физик механик шинж чанар, бетон болон полистрол хөнгөн бетоны шахалтын бат бэх, тоосго, явган замын хавтангийн гадаргуугийн тэгш байдал, шахалтын бат бэх зэрэг 8 нэр төрлийн шинжилгээ хийж, иргэд аж ахуйн нэгжүүдэд 18-60 мянган төгрөгөөр үйлчлэх аж.

Барилгын салбарын түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд “Сүхбаатар барилга-50” сэдэвт онол, практикийн бага хурал зохион байгуулж, маргааш Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэхээс гадна "Жаахан шарга" ХЖТ-д баярын хурал, хүндэтгэлийн концерт тоглоно.

Хуваалцах