Барилгынхан асуудлуудаа хэлэлцэнэ
Иймээс салбарын 100 гаад компаниуд, мэргэжлийн төрийн бус байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн, үйл ажиллагаагаа төрөөс хараат бус өөрийгөө удирдах зарчмаар хэрэгжүүлдэг Монголын Барилгын Үндэсний Ассоциаци нь салбарын бүх талын төлөөллийн байр суурийг сонсох, тулгамдсан асуудлуудаа хэлэлцэх, гарах гарц
Мэдээллийн алба

Саяхан төсөвт өртөг хэтэрч он дамжигдан сунжирч ирсэн 140 гаруй барилгыг зарласан нь улсын хөрөнгө оруулалтын удирдлага зохион байгуулалт өнөөг хүртэл алдаатай, төрийн оновчтой бодлогогүй явж ирсний үр дагавар юм. Буруу засаглал, буруу бодлого хувийн хэвшилийнхнийг буруу үйлдэл хийхэд хүргэх нь гарцаагүй юм. Хуулийнхан улс төрчид, авилгалчдыг ангуучилдаг байснаа хувийн хэвшлийнхний бизнесийг шалгаж барьж, хорьж эхлэх боллоо. Сүүлийн 10 гаруй жил барилгын салбарын хөгжил, цэцэглэлт, сайн муу бүхний түүхийг бичилцсэн барилгын хөрөнгө оруулагчид, үйлдвэрлэл эрхлэгчид технологи нутагшуулах, чанартай барилга барих, стандарт боловсруулах зэрэг бүхий л ажлыг нуруун дээрээ үүрч ямартай ч 60 мянган өрхийг орон сууцтай болгожээ. Барилгын салбарын хэт олон зөвшөөрөл, хүнд суртал, авилгал, эрх олгодог байгууллагууд харилцан мэдээлэл солилцдоггүй, шийдвэр гаргадаг, хариуцлага тооцдог оновчтой систем байхгүй өөр хоорондоо уялдаа холбоогүй ажиллаж ирсэн, хэн хэнийхээ ажлын онцлогийг ойлгохгүй хэвээр байгаа нь барилгын компаниудад ихээхэн дарамт учруулж, цаг хугацаа алдах хөрөнгө оруулалтын өгөөж буурах үндсэн шалтгаан болсон хэвээр байна. Энэ мэт "муу" засаглалын хэв маягийг үндсээр нь өөрчлөхгүйгээр барилгын салбар өнөөгийн хурдтай өсөлтөө чанартай өсөлт болгох, улсын хөрөнгө оруулалт байтугай хувийн хөрөнгө оруулалтыг үр ашигтай удирдах боломжгүй. Иймээс салбарын мэргэжлийнхэн, хувийн хэвшил, төрийн байгууллагын төлөөлөл хамтдаа сууж тулгамдсан асуудлуудаар гарц эрэлхийлэх нь цаг хугацааны хувьд онцгой ач холбогдолтой юм.

Иймээс салбарын 100-гаад компани, мэргэжлийн төрийн бус байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн, үйл ажиллагаагаа төрөөс хараат бус өөрийгөө удирдах зарчмаар хэрэгжүүлдэг Монголын Барилгын Үндэсний Ассоциаци нь салбарын бүх талын төлөөллийн байр суурийг сонсох, тулгамдсан асуудлуудаа хэлэлцэх, гарах гарц, шийдэл, эрх ашгийг нэгтгэх зорилгоор Ээлжит II Чуулганаа Барилгын салбар ба засаглал сэдвийн дор 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулахаар болжээ.
Чуулганы үеэр "Барилгын салбар ба Засаглал" сэдвийн доор хүнд суртал, авилгыг арилгах, төр хувийн хэвшил илүү уян хатан хамтран ажиллах, засаглалыг ил тод нээлттэй болгох арга замуудыг хэлэлцэж барилгын хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх арга зам, орон сууцны үнэ ба өртөгт нөлөөлж буй хүчин зүйлийн талаар салбарын мэргэжилтэн, эдийн засагчид, шинжээч, судлаачид, төрийн байгууллагынхны дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Сайн засаглалын шинж байдалд нийцүүлэн, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг засаглалын бусад байгууллагатай үр дүнтэй хамтран ажиллах чадавхи бий болгохын тулд төрийн захиргааны албадаа өөрчлөн шинэчлэх чиглэлийг тодорхойлж, төр, засгийн үр ашигтай удирдлага, бизнесийн амжилт иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааны үр нөлөөтэй байдлыг тодорхойлох юм. Мөн чуулганаас Төр, Засгийн Газарт хандсан зөвлөмж, Салбарын хувийн хэвшлүүдэд уриалга гарган хүргүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
Дээр дурьдагдсан үндсэн сэдвүүдээс гадна барилгын салбарынханд тулгамдаж буй олон асуудлаас нэн тулгамдсан 10 асуудлыг чуулганд оролцогчдын саналаар эрэмбэлж шийдвэрлэх зөвлөлдөх уулзалтуудыг 2014 оны туршид улирал тутамд зохион байгуулахаар ассоциацийн ажлын албанаас төлөвлөжээ.


















