“Барьцаалууллаа” гэх мессежийг гэрийнхэндээ явуулжээ
Цагдаагийн байгууллагад өнгөрөгч амралтын өдөр “Охин нь хүнд барьцаалагдлаа” гэх мэдээлэл иржээ. Тодруулбал, 21 настай Н гэгч эмэгтэй “Намайг ахынх руу явж байтал хэсэг бүлэг хүмүүс барьцаалаад хятадуудтай унтуулах гээд байна. Оршуулгын газар ч юм уу нэг тиймэрхүү газар байна. Надаас гадна 4-5 охин
Мэдээллийн алба

Цагдаагийн байгууллагад өнгөрөгч амралтын өдөр “Охин нь хүнд барьцаалагдлаа” гэх мэдээлэл иржээ. Тодруулбал, 21 настай Н гэгч эмэгтэй “Намайг ахынх руу явж байтал хэсэг бүлэг хүмүүс барьцаалаад хятадуудтай унтуулах гээд байна. Оршуулгын газар ч юм уу нэг тиймэрхүү газар байна. Надаас гадна 4-5 охин байна” гэсэн утгатай мессежийг гэрийнхэн рүүгээ явуулжээ. Улмаар ар гэрийнхэн нь цагдаад хандсан байна. ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас мэдээллийн дагуу гүйцэтгэх ажиллагаа хийхэд 21 настай эрхэлсэн тодорхой ажилгүй Н гэгч нь худал мессеж бичсэн болох нь тогтоогджээ. Тиймээс түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Энэ мэтчилэн худлаа мэдээлэл өгсөн тохиолдолд эрэн сурвалжлах ажиллагаанд зарцуулсан бүх зардал мөнгийг бүгдийг нь тухайн худал мэдүүлэг өгсөн хүнээс гаргуулдаг ажээ. Цагдаагийн байгууллагад эрүүгийн гэмт хэргийн талаар худал мэдээлэл өгсөн бол хуулиараа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох, үгүй бол гурван сар хүртэлх хугацаагаар хорих, энэ гэмт хэрэг нь хүндэрсэн нөхцөлд хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял оноодог ажээ.


















