Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баруун бүсийн аймгуудад "Хүний эрхийн нээлттэй өдөр" болно

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 26-28-нд Ховд аймагт, 29-30-нд Баян-Өлгий аймагт, зургаадугаар сарын 2-3-нд Увс аймагт ажиллаж, "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баруун бүсийн аймгуудад "Хүний эрхийн нээлттэй өдөр" болно
Баруун бүсийн аймгуудад "Хүний эрхийн нээлттэй өдөр" болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комисс нь "Хүний эрхийн нээлттэй өдөр"-ийг орон нутагт зохион байгуулж ирсэн уламжлалтай. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр энэ жил нийт 10 аймагт очиж ажиллахаар төлөвлөн хэрэгжүүлж эхэлжээ. Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 26-28-нд Ховд аймагт, 29-30-нд Баян-Өлгий аймагт, зургаадугаар сарын 2-3-нд Увс аймагт ажиллаж, "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн хүрээнд ХЭҮК-ын үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд сурталчилж, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгаа, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах юм.
Мөн аймгуудын удирдлагуудтай уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, "Төрийн үйлчилгээн дэх хүний эрхэд суурилсан хандлага" зэрэг сэдэвт хүний эрхийн сургалтуудыг тус аймгийн ЗДТГ, ИТХ болон иргэдэд үйлчлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны албан хаагчдад явуулах аж. Түүнчлэн аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, эрүүлжүүлэх, цагдан хорих байр, хорих анги, цэргийн анги салбар, асрамжийн газруудын хүний эрхийн нөхцөл байдалтай танилцаж, хяналт шалгалтын ажил зохион байгуулах, аймгийн Засаг дарга, ИТХ-аас сүүлийн хоёр жилд гаргасан нийтээр дагаж мөрдөх захирамж, тогтоол, шийдвэрүүдэд хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийхээр төлөвлөжээ. Хүний эрхийн өдөрлөг арга хэмжээний үеэр ХЭҮК иргэдээс хүний эрх, эрх чөлөөний асуудлаар гомдол хүлээн авч ажиллах ба хууль зүйн зөвлөгөөг өгч үйлчлэх юм байна. Дашрамд сонирхуулахад, ХЭҮК нь 2014 оноос орон нутагт ажилтантай болсон бөгөөд тухайн аймаг дахь манай ахлах мэргэжилтэнтэй шууд харилцах буюу Комиссын гомдол хүлээн авах 7032-2122 дугаарын утсаар холбоо барих боломжтой.

Хуваалцах