Баруун бүсийн сургалт амжилттай боллоо
ЭМСЯ-ны харъяа Биеийн тамир, спортын хөгжлийн төв(БТСХТ) баруун бүсийн аймгуудын дунд “Нийтийн биеийн тамир спортод хүн амын оролцооог эрчимжүүлэх нь” сэдэвт хоёр өдрийн уулзалт, сургалтын арга хэмжээг зохион байгууллаа. Говь-Алтай аймгийн төв, Алтай хотноо болсон эл арга хэмжээнд Увс, Баян-Өлгий, З
Мэдээллийн алба

ЭМСЯ-ны харъяа Биеийн тамир, спортын хөгжлийн төв(БТСХТ) баруун бүсийн аймгуудын дунд “Нийтийн биеийн тамир спортод хүн амын оролцооог эрчимжүүлэх нь” сэдэвт хоёр өдрийн уулзалт, сургалтын арга хэмжээг зохион байгууллаа. Говь-Алтай аймгийн төв, Алтай хотноо болсон эл арга хэмжээнд Увс, Баян-Өлгий, Завхан, Ховд, Говь-Алтай аймгуудын Биеийн тамир, спортын газрын аргазүйч, дасгажлуулагч, мэргэжилтнүүд хамрагдав.
Уулзалт, сургалтын эхний өдөр баруун бүсийн Биеийн тамир, спортын газрын төлөөлөгчид нөхөрсөг өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн эхэнд Говь-Алтай аймгийн “Өглөөний одод” иргэдийн нэгдэл бүсийн сургалтад хамрагдаж буй аймгуудын төлөөлөл болон БТСХТ-ын мэргэжилтнүүдэд өөрсдийн өдөр тутмын идэвхтэй хөдөлгөөн, спортын арга хэмжээг сонирхуулав.
Тус иргэдийн нэгдэл анх 2008 онд үүсч, өдгөө хамрагдагсдын тоо 300 хол даваад байна. Энд найман настай балчираас наян настай буурал хүртэлх бүхий л насны нийгмийн төлөөллүүд идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэх уриан дор нэгдэж чаджээ. Энэ бол нэг талаас төрөөс нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх чиглэлд явуулж буй бодлогын үр дүн. Нөгөө талаас иргэд өөрсдийн эрүүл мэнддээ анхаардаг болсны том илэрхийлэл гэдгийг Говь-Алтай аймгийн Биеийн тамир , спортын газрын дарга Г.Гансүх хэлж байна. Мөн тэрээр, “Алтайнхан зав л гарвал спорт заалаа зоридог болчихсон шүү. Завгүй гэж хэн ч хойш суухгүй. Манай энд ажил 09:00 цагаас эхэлдэг учраас бид 07:00 цагаас цуглаад нэг цаг хичээллэдэг” гэв.
Ерөнхийлөгчийн 2010 онд гаргасан зарилгын дагуу Бүх нийтийн биеийн хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг жил бүр БТСХТ-өөс зохион байгуулсаар өнөөдрийг хүрсэн. Өнгөрсөн онд улсын хэмжээнд энэ сорилд нийт хүн амын 10 гаруй хувь хамрагдсан ба тэдний 30 хувь нь хөдөлгөөний хомсдолтой буюу халдварт бус өвчний эрсдэлд өртөмтгий бүлэгт багтсан байгаа юм. Энэ жил тус сорилд хамрагдах хүн амын тоог 20 хувьд хүргэх зорилт тавиад байна. Өнгөрсөн жилүүдийн дүн мэдээг харьцуулж үзэхэд иргэдийн идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэж, эрүүл мэнддээ анхаарах хандлага нэмэгдэж байгаа ч хангалттай хэмжээнд хүрч чадахгүй байна. Харин Говь-Алтайчууд энэ хандлагыг өөрчилж, улсын хэмжээнд жишиг болох хөдөлгөөнийг нэгэнт өрнүүлээд уджээ. Энд аймгийн Биеийн тамир, спортын газраас дэмжлэг үзүүлж, орчин нөхцөл, спортоор хичээллэхэд шаардлагатай хэрэглэгдэхүүнээр бүрэн хангаж байгаа аж.
Говь-Алтай аймагт цаашдаа охид эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн биеийн тамир, спортоор хичээллэх боломж бололцоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. Баруун бүсийн уулзалт, сургалтын арга хэмжээ Говь-Алтай аймгийн хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилоор үргэлжиллээ. Тус аймагт 30 гаруй тогтмол үйл ажиллгаатай аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага бий. Тэдгээр байгууллагын төлөөлөл болсон ажилтан, алба хаагчид сорилд хамрагдлаа. Сорилын дүн мэдээ ирэх 11 дүгээр сард нэгтгэгдэн гарна.
Уулзалт сургалтын хоёр дахь өдөр Баруун бүсийнхний дунд “Нийтийн биеийн тамир, спортод хүн амын оролцоог эрчимжүүлэх нь" сургалтыг зохион байгууллаа. Баруун бүсийн сургалтын багт нийтийн биеийн тамир, спортын алба, спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний алба, Үндэсний шигшээ баг, паралимпийн хорооны төлөөллүүд тус бүр багтаж, бүсийн сургалтыг чиглэл чиглэлээр явууллаа. Сургалтын багийг Гавьяат дасгалжуулагч, Шинжлэх ухааны доктор, професор, ОУ-ын хэмжээний мастер, БТСХТ-ийн Биеийн тамир спортын эрдэм шинжилгээний албаны дарга Л.Даш ахлан ажилласан юм. Л.Даш сургалтын үеэр, “Биеийн тамир, спортын тухай хууль энэ салбарын ирээдүйг тодорхойлох маш чухал хууль. Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг удахгүй УИХ-аар хэлэлцэнэ. Энэ хуулийн төслийн шинэчилсэн найруулгад хөдөө орон нутгийн биеийн тамир, спортын салбарт тулгамдаад буй бэрхшээл, шийдвэрлэх ёстой өөрчлөлт, үүнийг бий болгож буй хүчин зүйлсийг та бүхний оролцоотойгоор хэлэлцүүлж, саналуудыг нэгтгэн тусгахыг зорьж байна” гэдгийг хэлж байлаа.
Баруун бүсийн сургалтад хамрагдсан Биеийн тамир, спортын газрын төлөөллүүд хэд хэдэн саналыг гаргаж байсан юм. Тухайлбал, алслагдмал бүс нутгийн тамирчдыг улсын болон бүсийн чанартай тэмцээн уралдаанд хамруулахад учир дутагдалтай байна. Хэдийгээр аймгийн шигшээ багийг аймгийн Засаг дарга дэмжиж, ажиллахаар холбогдох хуульд тусгалаа олсон ч хэрэгжихгүй байна. Тиймээс аливаа тэмцээн уралдаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх үүднээс бүсийн нэмэгдлийг онцгойлон анхаарах нь чухал. Мөн орон нутгийн Биеийн тамир, спортын газарт аргазүйч, эмчийн орон тоог зайлшгүй бий болгох, Монгол улсын “Цол зэргийн нэгдсэн ангилал”-ын асуудлыг шинэчлэх шаардлага байна. Нөгөө талаар их спортод илүү амжилт гаргаж, спортын олон төрөлд дэлхийн хэмжээний баг, тамирчдыг бэлтгэхийн тулд спортын дунд сургуулийг байгуулах хэрэгтэй гэдгийг хэлж байлаа. Бүх нийтийг нийтийн биеийн тамир, спортод татан оролцуулахын тулд улсын спорт заал, танхимыг үнэ төлбөргүй ашиглуулах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй боловч тухайн биеийн тамир, спортын газар өөрийн орлогыг бүрдүүлэх шаардлагатай тулгардаг учраас боломжгүйд хүрдэг байна. Энэ мэт олон саналыг баруун бүсийнхэн хэлж байна.
ЭМСЯ-ны Биеийн тамир, спортын хөгжлийн төв удаах уулзалт сургалтыг Сэлэнгэ аймагт энэ сарын 20-21-ний хооронд хоёр өдөр хийхээр төлөвлөөд байна.


















