Баруун бүсийн сургалт, зөвлөгөөнд 472 хүн хамрагдлаа
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллалаа.
Мэдээллийн алба

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллалаа. Энэ үеэр цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер, аргазүйчдийн баруун бүсийн сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулжээ.
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг чанартай, үр дүнтэй явуулахаас гадна багш нарыг ажлын байран дээрээ хөгжихөд зөвлөн туслах шаардлага бий. Тиймээс салбарын яамнаас хичээлийн шинэ жилийн босгон дээр баруун бүсийнхэнд сургалт, арга зүйн зөвлөгөө өгч буй нь энэ юм. Сургалт зөвлөгөөнд Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгийн цэцэрлэгийн арга зүйч, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер 470 гаруй хүн хамрагджээ.
2019-2020 оны хичээлийн жилийн эхэнд сургалт зохион байгуулж байгаа нь энэ хичээлийн жилийн зорилго, зорилт, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд үр дүнгээ өгнө гэж үзэж байна.
Орон нутагт 1750 орчим, нийслэлд 1200 орчим, улсын хэмжээнд нийт 2900 гаруй арга зүйч, менежерийг сургалтад хамруулахаар төлөвлөж буй юм байна.
Г.Энхжаргал


















