Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай "Adex-2021" олон улсын үзэсгэлэнд оролцлоо
БНСУ-ын Үндэсний Батлан хамгаалахын дэд сайд Пак Жэ Минтэй уулзаж, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцов.
Мэдээллийн алба

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай БНСУ-ын Сөүл хотноо 2021 оны 10 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Сөүлийн агаар сансар, батлан хамгаалахын олон улсын үзэсгэлэн” /ADEX-2021/-нд оролцлоо. Энэ үеэр дэд сайд Б.Баярмагнай зарим улсын батлан хамгаалах аж үйлдвэрийн төлөөлөгчидтэй уулзав.
Мөн тэрбээр БНСУ-ын Үндэсний Батлан хамгаалахын дэд сайд Пак Жэ Минтэй уулзаж, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцов. Хоёр улсын Батлан хамгаалахын дэд сайд нар цэргийн хамтарсан сургууль, цэргийн боловсон хүчний сургалт, солилцооны үйл ажиллагаа тасралтгүй ахиж байгааг өндрөөр үнэлж, цаашид цэргийн өндөр түвшинд харилцааны идэвхтэй хандлагыг хадгалж, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, цэргийн харилцааг улам бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлжээ.
“ADEX-2021” нь сансар судлал болон батлан хамгаалахын дэвшилтэт техник хэрэгслийг дэлгэн үзүүлж, бүс нутгийн орнуудын дэвшилтэт техник технологитой танилцах, мөн оролцогч талуудад хоёр талын уулзалт хийж, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх боломжийг олгодог олон улсын индэр болж байна гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.



















