Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчийг хүлээн авч уулзав
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Энхийг сахиулах ажиллагааны газрын дарга, ноён Эрве Ладсу манай улсад айлчилж байна. Түүнийг дагалдаж НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны
Мэдээллийн алба

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Энхийг сахиулах ажиллагааны газрын дарга, ноён Эрве Ладсу манай улсад айлчилж байна. Түүнийг дагалдаж НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газрын цэргийн зөвлөх, дэслэгч генерал Ахмед Махсуд болон Гулиам Дарме нарын төлөөлөгчид айлчилж байна. Ноён Эрве Ладсуг өнөөдөр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хүлээн авч уулзсан юм. Монгол Улсын Зэвсэгт хүчний НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь оролцоо нь анхны 2 цэргийн ажиглагч офицерыг 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад явагдаж буй энхийг сахиулах ажиллагаанд илгээснээс эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхий нийтэд явагдсан НҮБ-ын 11 энхийг сахиулах ажиллагаанд нийтдээ 6700 гаруй цэргийн алба хаагч, Ирак, Косово, Афганистан Улсад явагдсан эвслийн цэргийн ажиллагаанд нийт 4500 орчим цэргийн алба хаагч тус тус үүргээ амжилттай гүйцэтгэсэн байна.
БНАКУ, Баруун Сахар, Судан, Этиоп, Эритриа, Гүрж, Чад, БНӨСУ, Афганистан, Судан Улсын Дарфур муж, одоог хүртэл хилийн маргаантай бүс нутаг болох Абией муж зэрэг улсад явагдсан НҮБ-ын 11 энхийг сахиулах ажиллагаанд 250 хүнтэй ротоос 850 хүний бүрэлдэхүүнтэй мотобуудлагын батальон хүртэл, цэргийн ажиглагч офицероос штабын офицер, холбогч болон зөвлөх офицер, бүсийн командлагч хүртэл байнга гүйцэтгэх үүргийн цар хүрээг улам өргөжүүлсээр байна. Тодруулбал ахлагчаас генерал хүртэл цолтой цэргийн алба хаагч үүргээ нэр төртэй биелүүлсээр байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд нийт давхардсан тоогоор 11500 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэснээс одоогийн байдлаар 1200 орчим цэргийн алба хаагч ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж байгаагаас НҮБ-ын энхийг сахиулах ажилллагаанд 950 цэргийн алба хаагч оролцжээ. Уулзалтын дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Энхийг сахиулах ажиллагааны газрын дарга, ноён Эрве Ладсу болон Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


















