Батлан хамгаалахын сайдын мэндчилгээ
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Мэдээллийн алба

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, улс орноо батлан хамгаалах үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа Зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагын үе үеийн ахмад дайчид, эрхэм генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, даян дэлхийн энхийн үйлсэд Монгол цэргийн суу алдрыг дуурсгаж яваа энхийг сахиулагч дайчид болон ажилтан албан хаагчид Та бүхэнд Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Хүн төрөлхтний түүхэн цаг хугацаанд улс үндэстэн бүхэн оршин тогтнохын төлөөх хатуу ширүүн тэмцэлтэй нүүр тулж, мандан бадрах, бууран доройтох сорилт шалгуурыг зуун зуунаар өртөөлөн туулж ирсэн бөгөөд төрт улсын баялаг түүхтэй монголчуудын хувьд ч энэ жамыг тойроогүй дайрч гарсныг бид мэднэ.
Хүннү гүрний үеэс тусгаар тогтносон улс гүрнээ төвхнүүлэн, түүхэн сорилт, шалгуурыг даван туулж, баатарлаг өвөг дээдсийн халуун амь, бүлээн цусаар дархлагдсан эх орноо үеийн үедээ өвлүүлэн ирсэн явдал бол манай ард түмний мохошгүй хатан зориг, цөхрөлтгүй тэмцлийн үр дүн юм.
Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлынхаа төлөө XX зууны эхээр өрнүүлсэн Монголын ард түмний дайчин цогтой тэмцлийн үр дүнд 1921 онд Ардын хувьсгал ялж Ардын эрхт засгаа эмхлэн байгуулж, туурга тусгаар улс орноо төвхнүүлсэн.
Энэхүү Ардын хувьсгалын галыг сахиж, харийн дайснаас эх орноо чөлөөлөх үйл хэргийг монгол цэрэг эхлүүлж, улмаар 1939 оны Халхын голын байлдаанд харийн түрэмгийлэгчдийг ялж, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож, Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд түүхэн хувь нэмрээ оруулж, XX зууны хоёрдугаар хагаст улс орныхоо хөгжил, бүтээн байгуулалтад оролцож ирсэн мөнхийн гавьяатай.
Дэлхий нийтийг хамарсан томоохон сорилт болох цар тахал нь улс орны нийгэм, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж, Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс эрсдэлийг даван туулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэн бүх нийтээрээ мэрийн ажиллаж байна.
Зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн энэхүү хүнд хэцүү цагт хуулиар хүлээсэн үндсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ нэгэн санаа, зорилго дор энэхүү цар тахлын аюулыг даван туулахад сэтгэл, зүтгэл гарган ажиллаж байгаад Улсын онцгой комиссын орлогч даргын хувьд талархал илэрхийлье.
Ардын хувьсгалын 100, Зэвсэгт хүчний 100, Батлан хамгаалах яамны 110, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой давхацсан энэ цаг дор Та бүхэнтэйгээ эх орноо батлан хамгаалах ариун үйлсэд хамтран зүтгэж байгаадаа баяртай байна.
Ирэх зуун жилийг хүн бүр өөрийн хариуцсан ажил, албан тушаалдаа эзэн нь байж, хийсэн бүтээлтэй, хэлэх үгтэй, ирээдүй хойч үеийнхээ өмнө тамгалсан алтан мөртэй, гэгээн үйлстэйгээр угтах нь Та бидний эрхмээс эрхэм үүрэг гэдгийг онцлон тэмдэглэе.
Монгол хүн амны билгээр ашдын зам мөрөө төвшитгөдөг сайхан уламжлалтай. Монгол төрийн ариун гал голомтыг үеийн үед сахин хамгаалж ирсэн Монгол цэргийн сумны цэц, морины хурд, биеийн хүчнээс улбаатай төрт ёсны уламжлал болсон эрийн гурван наадмаа энэ жил өнжиж буй хэдий ч дараа жилийн наадмаар цар тахалгүй, эрүүл энх уулзан учрахын ерөөл өргөе.
Та бүхэндээ Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлж, аз жаргал, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
Өнө эртний түүх, дайчин замналтай Монгол төрийн өлмий бат оршиж, Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ГҮРСЭДИЙН САЙХАНБАЯР


















