Баянгол дүүргийн сурагчид хог хаягдлын сургалтад хамрагдлаа
Баянгол дүүргийн Засаг даргын “Хогны эсрэг-Хамтдаа тэмцье” аян өрнүүлэх тухай А/163 тоот захирамж, Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ-н 2017 онд хэрэгжүүлэх Нийгэм эдийн засгийн зорилтын хүрээнд дүүргийнхээ
Мэдээллийн алба

Баянгол дүүргийн Засаг даргын “Хогны эсрэг-Хамтдаа тэмцье” аян өрнүүлэх тухай А/163 тоот захирамж, Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ-н 2017 онд хэрэгжүүлэх Нийгэм эдийн засгийн зорилтын хүрээнд дүүргийнхээ төрийн өмчийн сургуулиудын 3-5 хүртэлх ангиудаас 1 ангийг сонгон хог хаягдалгүй эрүүл орчин бий болгох, хог хаягдлыг зориулалтын саванд хаяж хэвших, хог хаягдалд хандах хүүхэд залуусын соёлтой хандлагыг нэмэгдүүлэх, тэднийг зөв дадал хэвшилд сургах зорилгоор хог хаягдлын мэдлэг олгох сургалтыг 5 сарын 3-с 09-ний хооронд амжилттай зохион байгууллаа.
Энэ ажил нь Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ-с уламжлал болгон зохион байгуулдаг томоохон ажлуудын нэг ба сургалтанд нийт Баянгол дүүргийн 17-н сургуулийн 18 ангийн 583 сурагч хамрагдсан бөгөөд сургалт хичээлийг тус газрын мэдээлэл сурталчилгааны ажилтан Б.Батмөнх, Т.Отгончимэг нар заан явууллаа.
Сургалтаар хог хаягдлын талаар сурагчдад мэдээлэл хийж, хүрээлэн буй орчиндоо зөв боловсон, соёлтой амьдрах, хог хаягдлын хор хөнөөл, гялгар уут, хуванцар сав гэх мэт хог хаягдлууд нь газрын хөрсөнд хэдэн зуун жилийн турш бүрэн задралгүй оршдог бөгөөд байгаль орчинд ямар их хор хөнөөлтэй талаар сурагчдад мэдлэг олгохоос гадна хог хаягдлыг дахин ашиглах ямар ямар боломжууд байдаг мөн хог хаягдлыг ил задгай бус хогийн саванд хаяж байх нь эргээд бидэнд ямар ашиг тустай вэ гэдгийг сурагчдад таниулсан тэдний сонирхлыг татсан үр дүнтэй хичээл болсон нь тэдний оролцоо, идэвхээс харагдаж байлаа.
Аливаа зүйлийг багаасаа эхлэж хийх нь үр дүн ололтыг авчирдаг гэдэг. Энэ сургалт хичээл нь мөн бага ангийн сурагчдаас эхлэн тэдний хог хаягдлын талаарх мэдлэгийг зузаатгаж, зөв дадал хэвшилд сургаж байгаагаараа онцлогтой юм. Нөгөө талаараа айл гэрт хамгийн нөлөө бүхий тэдний дуу хоолойг тухайн гэр бүлийн бүх гишүүд сонсож байдаг хүн болох бага насны хүүхдээр дамжуулж бусад гишүүд болох эцэг эх, ах эгч нарт нь нөлөөлж буйгаараа уг сургалт хичээлийн үр дүн нь өргөн цар хүрээг хамарч байна.
Энэ сургалтын үр дүнг мэдэрсэн зарим багш, сургуулийн удирдлагууд ганц хоёр ангиар тогтохгүй нийт бага ангийн сурагчдаа хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм.






















