Баяр наадмын өдрүүдэд 2500 орчим хүн ГССҮТ-д ханджээ
Баяр наадмын өдрүүдэд авто болон ахуйн хүрээний ослоор 2500 орчим хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хандаж, яаралтай тусламж үйлчилгээ авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 4,3 хувиар өссөн үзүүлэлт юм.
Мэдээллийн алба

Жирийн өдрүүдэд тус эмнэлэг хоногтоо 300-350 хүнд үйлчилдэг бол урин дулаан цаг эхлэх үед, тэр дундаа баяр наадмын үеэр энэ тоо 450-500-д хүрдэг байна. Тэдний дийлэнх нь зам тээврийн осол болон өндрөөс унах, түлэгдэх, амьгүй зүйлд өртөх, цохиулах зэрэг анхаарал болгоомжгүйн улмаас ахуйн хүрээнд бэртдэг гэдгийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал Р.Гантуяа хэлж байна.
Сүүлийн үед аялал зугаалгын үеэрээ иргэд газанд түлэгдэх, мөн автомашины арын суудлын зорчигч бүс зүүгээгүйн улмаас шидэгдэж хүндээр бэртэх, цаашлаад амь насаа алдах тохиолдол цөөнгүй гарч байна. Түүнчлэн барилга байшиндаа засвар хийх үеэрээ гар, хөлөө зүсэх, шөрмөсөө таслах зэрэг бэртлүүд ч олширсон.
Тиймээс жижиг мэт боловч таныг болон хайртай дотны хүмүүсийг тань хамгаалах наад захын аюулгүйн дүрмээ сахихыг эмч мэргэжилтнүүд анхаарууллаа.