ББСБ-уудын нийт зээлийн өрийн үлдэгдлийн 12.5 хувь нь чанаргүй байна
Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн өрийн үлдэгдэл энэ оны гуравдугаар улирлын байдлаар 447.7 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 64.4 тэрбум төгрөгөөр, оны эхнээс 56.5 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм.
Мэдээллийн алба

Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн өрийн үлдэгдэл энэ оны гуравдугаар улирлын байдлаар 447.7 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 64.4 тэрбум төгрөгөөр, оны эхнээс 56.5 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм. Мөн энэ хугацаанд 309.5 тэрбум төгрөгийн зээл олгож, үүнээс 251.5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн дүнтэй байна.
Зээл олголтыг салбаруудаар нь авч үзвэл хэрэглээний зээлд 39.2 хувь буюу 121.2 тэрбум төгрөг, худалдааны салбарт 23.1 хувь буюу 71.4 тэрбум төгрөг, барилгын салбарт 14 хувь буюу 43.4 тэрбум төгрөг, уул уурхайн салбарт 3.9 хувь буюу 12 тэрбум төгрөг, боловсруулах үйлдвэрлэл, хүний эрүүл мэнд, нийгмийн үйл ажиллагааны салбарт тус тус 3.6 хувь буюу нийт 22.5 тэрбум төгрөг, бусад салбаруудад 12.6 хувь буюу нийт 39 тэрбум төгрөгийг тус тус олгосон байна.
Нийт зээлд эзлэх гадаад валютаар олгосон зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.7 тэрбум төгрөгөөр буюу 8.7 хувиар буурч, төгрөгөөр олгосон зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 68.1 тэрбум төгрөгөөр буюу 20 хувиар өссөн нь төгрөгийн валюттай харьцах ханш суларснаас төгрөгийн зээлийн эрэлт ихэссэнийг харуулж байна.
ББСБ-уудын зээлийн өрийн үлдэгдлийн 82.6 хувийг хэвийн, 4.9 хувийг хугацаа хэтэрсэн, 12.5 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Ийнхүү чанаргүй зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 21.2 тэрбум төгрөгөөр буюу 60.8 хувиар өссөн нь муу зээлийн хэмжээ 71.7 хувиар өссөнтэй холбоотой юм гэж Санхүүгийн Зохицуулах Хорооноос мэдээллээ.


















