Бээжин хотын усны нөөц нэмэгджээ
төсөл хэрэгжиж эхэлсэн 2014 оноос хойш хотын оршин суугчдын усны хэрэгцээг найдвартай хангаснаас гадна Бээжингийн усны нөөцийг амжилттай нэмэгдүүлж, ус дамжуулах шугам хоолойнуудыг шинэчилсэн гэж Усны газрын дарга онцолсон байна.
Мэдээллийн алба

Урд хөршийн нийслэлийн усны хэрэгцээг хангах төслийн хүрээнд сүүлийн таван жилийн хугацаанд 5.2 тэрбум шоо метр ус Бээжин хотод нийлүүлсэн талаар CCTV мэдээллээ. Уг төсөл хэрэгжиж эхэлсэн 2014 оноос хойш хотын оршин суугчдын усны хэрэгцээг найдвартай хангаснаас гадна Бээжингийн усны нөөцийг амжилттай нэмэгдүүлж, ус дамжуулах шугам хоолойнуудыг шинэчилсэн гэж Усны газрын дарга онцолсон байна.
Төслийн хүрээнд нийлүүлсэн 5.2 тэрбум шоо метр уснаас 3.5 тэрбум нь цэвэрлэх байгууламж руу явсан бол 600 сая шоо метр усыг Бээжин хотын захад байрлах зургаан усан сан руу нийлүүлжээ. Харин үлдсэн хэсгийг гол, нуур, газар доорх ус руу нийлүүлж, усны нөөц нэмэгдүүлэхэд ашиглаж байгаа аж.
Хятадын урд хэсгээс татаж буй усны нөөцөөр шинээр ашиглалтад орсон “Дашин” олон улсын нисэх онгоцны буудлын усан хангамжийг шийдээд зогсохгүй нийслэлийнхээ газрын доорх усны нөөцийг 1.62 тэрбум шоо метрээр нэмж чадсан гэж төслийн багийнхан мэдэгдэж байна. 1999-2014 оны хооронд Бээжингийн гадаргын усны түвшин жилд дунджаар нэг метрээр буурч байж. Харин төсөл хэрэгжүүлснээр 2015 оны тавдугаар сараас хойш гадаргын усны түвшин гурван метрээр нэмэгдсэн байна.
Хятадын өмнөд хэсэгт ундны усны нөөц элбэг боловч хойд хэсэгт хомс байлаг. Тиймээс цаашид урдаас хойш чиглэлд ус татах үйл явцыг улам боловсронгуй болгож, усны нөөц санг орон даяараа тэнцвэртэй бүрдүүлэхэд анхаарч ажиллах аж.


















