Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Беларусь, Казахстан, БНАСАУ-ын элчин сайдуудыг хүлээн авч уулзлаа

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр манай улсад суугаа хэд, хэдэн Элчин сайдыг хүлээн авч уулзаж, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн талаар харилцан ярилцлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Беларусь, Казахстан, БНАСАУ-ын элчин сайдуудыг хүлээн авч уулзлаа
Беларусь, Казахстан, БНАСАУ-ын элчин сайдуудыг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр манай улсад суугаа хэд, хэдэн Элчин сайдыг хүлээн авч уулзаж, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн талаар харилцан ярилцлаа.

Б.Бат-Эрдэнэ сайд эхлээд Бүгд Найрамдах Беларусь Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.В.Чепурнойг хүлээн авч уулзсан.

Манай улс Беларусь улстай ЗХУ-ын үеэс тогтсон эртний уламжлалт харилцаатай, Беларусийн цэргийн сургуульд Монголын Зэвсэгт хүчний алба хаагчдыг бэлтгэж ирсэн уламжлалтай. Хоёр улс 2013 онд Цэрэг-техникийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, 2014 онд Цэргийн хамтын ажиллагааны тухай яам хоорондын хэлэлцээр байгуулснаар батлан хамгаалах салбарын эрх зүйн үндэс бүрдсэн байдаг. Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Беларусийн БХЯ 2016 онд өөрийн академи, сургуульд манай цэргийн алба хаагчдыг сургах боломжтой гэж мэдэгдэж байсан. Энэ саналыг ажил хэрэг болгох тухай уулзалтын үеэр онцолж байсан юм. Сүүлийн жилүүдэд Беларусь улсын Цэрэг-аж үйлдвэрийн байгууллагын төлөөлөгчид манай улсад, манай Зэвсэгт хүчний төлөөгчид Беларусь улсад харилцан айлчилж, цэрэг-аж үйлдвэрийн чиглэлээр хамтран ажиллах сонирхол нэмэгдсэн тухай уулзалтын төгсгөлд илэрхийлээд Элчин сайд С.В.Чепурнойг хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд, түүний дотор цэргийн хамтын ажиллагааг улам ахиулахад бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэсэн юм.

Энэхүү уулзалтын дараа Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Казахтсан Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.И.Кобландиныг хүлээн авч уулзав.

Манай хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоож, 1993 онд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсан түүхтэй. Хоёр улс 2006 онд цэргийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулснаар батлан хамгаалах салбарын харилцааны эрх зүйн үндэс бүрдэж байв. Хэдийгээр цэргийн салбарт хамтын ажиллагаа өндөр төвшинд хүртэл хөгжөөгүй байгаа ч цаашдаа хамтран ажиллах шаардлагатайг хоёр талууд харилцан илэрхийлж байв. Казахстан улсад болсон мэргэн буучдын тэмцээнд манай Зэвсэгт хүчний мэргэн буучдын баг амжилттай оролцоод байна. Цаашдаа "Хааны эрэлд" олон улсын энхийг дэмжих сургуульд багаа оролцуулж байх, хоёр орны Зэвсэгт хүчний хамтарсан сургууль хийх боломж бий гэдгийг Б.Бат-Эрдэнэ сайд илэрхийлсэн юм. Уулзалтын төгсгөлд хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанд Элчин сайд К.И.Кобландин таны үүрэг их гэдгийг илэрхийлээд, цаашдын ажилд нь амжилт хүссэн юм.

Мөн энэ өдөр БНАСАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Хон-Гю-г хүлээн авч уулзав. Манай хоёр орны харилцаанд батлан хамгаалах салбар чухал үүрэг гүйцэтгэж ирснийг Элчин сайд Хон-Гю илэрхийлсэн. Хоёр улсын Батлан хамгаалах яамдын зөвлөлдөх уулзалт хоёр яамдын Гадаад харилцааны газрын дарга нарын төвшинд гурван удаа амжилттай зохион байгуулагдаж, хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагааны асуудлаар харилцан санал солилцдог механизм болж байгаад баяртай байна гэв. Манай хоёр улс батлан хамгаалах салбарт хамтран ажиллах нь бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хоёр орны найрамдалт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэдгийг уулзалтын төгсгөлд талууд харилцан илэрхийлж байв.

Хуваалцах