Бэлчээрээс 30 бог мал хулгайлсан хэргийг илрүүлэв
хулгайд алдсан малыг айлын хотонд нийлүүлсэн байхад нь олж, эзэнд нь бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн байна
Мэдээллийн алба

Дорноговь аймаг Өргөн сумын III багийн иргэн Н.Б-ээс “2019 оны есдүгээр сарын 26-27-нд шилжих шөнө малын бэлчээрээс нь 30 бог мал алдагдсан гэх дуудлага мэдээллийг өнгөрсөн сарын 29-нд цагдаагийн байгууллагад өгчээ. Ийн Өргөн сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах ахлагч М.Бат-Эрдэнэ тус сумын төвөөс зүүн хойш 70 орчим км-т Магнай уул гэх газарт үзлэг хийж, 2-3 этгээд ачааны автомашин болон мотоцикл ашиглан 30 орчим тооны хонь, ямаа хулгайлсан байж болзошгүй ул мөр илрүүлжээ.
Түүнчлэн сэжиг бүхий ачааны автомашиныг эрэн сурвалжилж, саатуулж шалгах чиглэлээр мэргэжлийн ур чадвар гарган ажилласнаар дээрх гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдийг саатуулж, хулгайд алдсан малыг айлын хотонд нийлүүлсэн байхад нь олж, эзэнд нь бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн байна.


















