Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Био, Шувуун фабрик орчимд Туул гол их хэмжээгээр бохирджээ

ШӨХТГ-аас Монгол Улсын Шадар сайдын 2016 оны зургаадугаар сарын 7-ний өдрийн 65 дугаартай “Шалгалтын ажлын хэсэг байгуулж, удирдамж батлах тухай” тушаал болон агентлагийн даргын 2016 оны 1/17 дугаартай удирдамжийн дагуу МХЕГ-тай хамтран Туул голын сав газрын дагуу аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 5 минут
Био, Шувуун фабрик орчимд Туул гол их хэмжээгээр бохирджээ
Био, Шувуун фабрик орчимд Туул гол их хэмжээгээр бохирджээ. Зураг: МҮОНРТ

ШӨХТГ-аас Монгол Улсын Шадар сайдын 2016 оны зургаадугаар сарын 7-ний өдрийн 65 дугаартай “Шалгалтын ажлын хэсэг байгуулж, удирдамж батлах тухай” тушаал болон агентлагийн даргын 2016 оны 1/17 дугаартай удирдамжийн дагуу МХЕГ-тай хамтран Туул голын сав газрын дагуу аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтаар дараах зөрчлүүд тогтоогдож, улсын байцаагчийн дүгнэлт гарсан байна.

1.Нийслэлийн Ус сувгийн удирдах газрын харъяа ”Урьдчилан цэвэрлэх байгууламж”-ийн хамгаалалтын хашаанд тулган газар олголт хийгдэж, улмаар орон сууц шинээр баригдан “цэвэрлэх байгууламж хотоос нүүнэ”, “үйл ажиллагаа нь зогссон, булчихсан” гэх зэргээр хэрэглэгчийг төөрөгдүүлэх замаар худалдаалж байгаа нь оршин суугч /хэрэглэгчид/-ийн амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд ноцтой хор хохирол учруулахаар байна. Энэ нь “Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтийн норм ба дүрэм БНбД 31.01.04”, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12.3, 12.8, 12.9, Өрсөлдөөний тухай хуулийн 13.2.7-д заасныг тус тус зөрчсөн.

2.Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт орших био, шувуун фабрик орчимд туул гол бүхэлдээ их хэмжээгээр бохирлогдон урсаж байна. Үүнтэй холбоотой бохирлогдсон туул голын уснаас тэжээвэр мал, амьтад /үхэр, адуу, хонь, ямаа, гахай/ ундаалж байгаа, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн Улаанбаатар хотын иргэд /хэрэглэгч/-ийн хэрэгцээнд борлуулагдсанаар хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин болон хүнсний аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулах аюултай байдалтай байна. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.6, 12.1.10, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5.1, 5.4, 12.1-д заасныг тус тус зөрчсөн үйлдэл болсон.

3.Түгээмэл тархац бүхий элс болон хайрга олборлогчдын үйл ажиллагаанд тавигдах хараа, хяналт, зохицуулалт сул байгаагаас зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхлэх, гол мөрний урсац бүрэлдэх эхэд байгаль орчны хууль тогтоомж зөрчих замаар бусад аж ахуй эрхлэгчдээс давуу байдалтай үйл ажиллагаа эрхэлж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 13.2.7-д заасныг тус тус зөрчсөн.

4.Туул голын хамгаалалтын бүсээс гадна дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орон сууцны зориулалтаар байр худалдан авсан иргэдийн орон сууц өмчлөх гэрчилгээ олгогдохгүй байх эрхийн зөрчлөөс гадна аялал жуулчлалын зориулалттай гэх байдлаар бусдаас үндэслэлгүйгээр давуу байдал олгосон газар олголт хийгдэж, орон сууц, аж ахуйн зориулалттай барилга баригдаж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7-д заасныг зөрчсөн.

5.Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2-р хороо, үйлдвэрийн гудамжинд орон сууцны хороолол дундуур цахилгааны өндөр хүчдэлийн шугам байрлаж байгаа ба түүний аюулгүй байдал, холбогдох стандартын хэрэгжилтийг хангагдахгүй байгаа зэрэг зөрчлүүд илэрсэн.

Үүнтэй холбоотой зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн дүгнэлт, мэдэгдлийг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16.1.4-д “хэрэглэгчийн амь насанд аюул, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулж болзошгүй бараа үйлдвэрлэсэн, ажил, үйлчилгээ борлуулсан хувь хүн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх тухай асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, уг барааны борлуулалт, үйлдвэрлэлтийг зогсоох тухай үндэслэл бүхий саналаа холбогдох эрх бүхий байгууллагад тавих” гэж заасны дагуу Нийслэлийн Засаг дарга, аж ахуйн нэгжүүдэд улсын байцаагчийн дүгнэлт, мэдэгдлийг хүргүүлж, 2016 оны 7 дугаар сарын 1-ний дотор хариу ирүүлэхийг мэдэгдсэн байна. Үүнд:

-“Урьдчилан цэвэрлэх байгууламж” НӨҮГ буюу “Харгиа”-г эх үүсвэр бүхий арьс, шир боловсруулах, ноос угаах үйлдвэрүүдийн хамтаар хотоос гарган цогцолбор байдлаар дэд бүтцийг бий болгох арга хэмжээг авч хэрэгжүүлэх, энэ талаар тодорхой шийдвэр гарах хүртэл үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах;

-Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13-р хороонд хайрга олборлох талаар зохих шаардлага ханган үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд ашиглалтгүй орхигдсон төмөр замын зорчих хэсгийг ашиглан тээвэрлэлтийн төв /ложестик/ байгуулах замаар хот орчмын элс, хайрга тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулалтад оруулах нөхцөл, боломжийг судлах, түүнийг хэрэгжүүлэх зохион байгуулалт бий болгох;

-Налайх дүүргийн 5-р хороо болон Хан-Уул дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт элс, хайрга олборлож байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд тавих хяналтыг өндөржүүлэх, зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд хязгаарлах, зохих зөвшөөрөлтэй хэдий ч ашиглалтын талбайг хүн, мал, амьтан унаж, бэртэхээс хамгаалах хамгаалалтын хашаатай болгох, орц, гарцыг нэгдсэн зохион байгуулалтад оруулах зэрэг тодорхой ажил зохион байгуулах;

-Туул гол болон Богд хан уулын хамгаалалтын бүс, “Урьдчилан цэвэрлэх байгууламж”-ийн орчим аж ахуй /орон сууц барих/-н зориулалтаар олгогдож байгаа газар олголтын үйл ажиллагаа, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах зөвшөөрөл өгөх явцад “Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтийн норм ба дүрэм БНбД 31.01.04”, Өрсөлдөөний тухай хуулийн 13.2.7-д заасныг зөрчсөн газар олголт хийхгүй байх, зөвшөөрөл олгохгүй байх, үйл ажиллагаанд тавигдах хяналтыг дээшлүүлэх.

“Заг” ХХК, “Орчлон констракшн” ХХК, ”МДТоф” ХХК зэрэг барилгын компаниудад дараах зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлсэн. Үүнд:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2-р хороонд орших Ус сувгийн удирдах газрын харъяа ”Урьдчилан цэвэрлэх байгууламж”-ийн ойролцоо орон сууцны барилга барьж, улмаар “цэвэрлэх байгууламж хотоос нүүнэ”, “үйл ажиллагаа нь зогссон, булчихсан” гэх зэрэг байдлаар хэрэглэгчийг төөрөгдүүлэх замаар худалдаалж байгаа нь оршин суугч /хэрэглэгчид/-ийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хор хохирол учруулж байна. Энэ нь “Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтийн норм ба дүрэм БНбД 31.01.04”, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12.3, 12.8, 12.9, Өрсөлдөөний тухай хуулийн 13.2.7-д заасныг тус тус зөрчиж байгаа тул зөрчлийг арилгах.

-Мөн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2-р хороо, үйлдвэрийн гудамжинд орон сууцны хороолол дундуур цахилгааны өндөр хүчдэлийн шугам байрлаж байгаа ба түүний аюулгүй байдал, холбогдох стандартын хэрэгжилтийг хангахаас гадна мөн дээр дурдсан төөрөгдүүлсэн мэдээлэл хэрэглэгчид өгөхгүй байх нь зүйтэй гэж үзсэн байна.

Эх сурвалж:ШӨХТГ

Хуваалцах