Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бишкект дэлбэрэлт үйлдсэн этгээдийн хэн болохыг тогтоожээ

Киргизстаны цагдаагийн газрынхан тус улсын нийслэл Бишкек хотод байрладаг Хятадын элчин сайдын яамны гадаа болсон дэлбэрэлтийг үйлдсэн этгээдийн хэн болохыг олж тогтоосон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бишкект дэлбэрэлт үйлдсэн этгээдийн хэн болохыг тогтоожээ
Бишкект дэлбэрэлт үйлдсэн этгээдийн хэн болохыг тогтоожээ. Зураг: МҮОНРТ

Киргизстаны цагдаагийн газрынхан тус улсын нийслэл Бишкек хотод байрладаг Хятадын элчин сайдын яамны гадаа болсон дэлбэрэлтийг үйлдсэн этгээдийн хэн болохыг олж тогтоосон байна. Энэхүү алан хядах ажиллагааг Шинжаан-Уйгарын салан тусгаарлах бүлэглэлийн гишүүн үйлджээ.

Өнгөрсөн сарын 30-ны өдөр тэсрэх бөмбөг ачсан суудлын тэрэг Бишкек дэх Хятадын элчин сайдын яамны төв хаалгыг цөм мөргөн дотогш орохыг оролдсон боловч хаалга алан хядагчийн бодсон шиг амархан цөмрөөгүй байна. Тиймээс амиа золиослогч этгээд хаалганы гадаа тэсрэх бөмбөг бүхий машиныг дэлбэлсэн байна. Энэ алан хядах ажиллагааны улмаас элчин сайдын яамны ажилтан, албан тушаалтнуудаас хүн бэртэж гэмтээгүй бөгөөд харин элчинг хамгаалж байсан Киргизийн цагдаагийн газрын гурван албан хаагч хүнд шархадсан юм. Хүчтэй дэлбэрэлтийн улмаас амиа золиослогчийн цогцос ихэд гэмтсэн тул түүнийг хэн болохыг тогтооход багагүй хүндрэл учирсан болохыг албаны эх сурвалж цохон тэмдэглэлээ.

Тэдний мэдээлж байгаагаар алан хядагч нь 33 настай, Тажикстаны иргэн бөгөөд Шинжаан-Уйгарын босогчид идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Зүүн Туркистаны Исламын хөдөлгөөний гишүүн юм байна. Түүнээс гадна энэ ажиллагааг зохион байгуулсан байх өндөр магадлалтай 4 хүнийг эрэн сурвалжилж байгаа гэдгээ мэдэгдлээ. Халдлагыг зохион байгуулсан этгээдүүдийг Интерполоор дамжуулан олон улсад эрэн сурвалжилж байгаа ч яг хаана байгаа талаар тодорхой мэдээлэл байхгүй байна.

Төв Азийн улсуудад Исламын шашинтай иргэд олноор амьдардаг учраас террорист бүлэглэлүүд энэ бүс нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Ялангуяа ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудаас олон тооны хүмүүс "Исламын улс" террорист бүлэглэлд очиж нэгдсэн гэсэн судалгаа бий. Тиймээс олон улсын байгууллагууд Төв Азийн орнуудад хандан аюулгүй байдалдаа онцгой анхаарал хандуулахыг уриалсан байна.

Хуваалцах