Бизнес эрхлэгчдийн дуу хоолойг сонслоо
Эрчим хүчний зохицуулах хороо Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ хүрээнд өнгөрсөн баасан гарагт Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Эрчим хүчний зохицуулах хороо хамтран Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг сурталчлах, М
Мэдээллийн алба

Эрчим хүчний зохицуулах хороо Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ хүрээнд өнгөрсөн баасан гарагт Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Эрчим хүчний зохицуулах хороо хамтран Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг сурталчлах, Монгол улсын тогтвортой хөгжлийн болон ногоон хөгжлийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор "Таны бизнесийн дуу хоолой” уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал нар оролцож, "Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, үр өгөөж” сэдвээр илтгэл тавьж, аж ахуй нэгжийн төлөөллүүдийн сонирхсон асуултад хариулсан юм. "Таны бизнесийн дуу хоолой” уулзалтыг Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нээж хэлсэн үгэндээ "Эрчим хүч хэмнэх үүрэг хүлээж ажиллана гэдэг ямар нэг дарамт шахалт биш. Өнөөдөр дэлхий нийтээрээ эрчим хүч их үйлдвэрлэснээрээ биш харин яаж үр ашигтай, хэмнэлттэй зарцуулж байгаагаараа дүгнүүлдэг цаг ирээд байна. Тиймээс та бүхэн өөрөө өөрийнхөө зардлыг бууруулах, эдийн засгийн үр ашиг олох гарц, байгаль орчинд ээлтэй байх үүргээ биелүүлэх нэг боломж гэж ойлгон, үйл ажиллагаандаа эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлж ажиллахыг хүсье” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.
Эрчим хүчний үүрэг хүлээж ажиллах 113 аж ауйн нэгж эрчим хүчний хэрэглээ, барилгын дулаан алдагдлыг 15 хувиар бууруулахад жилд 120 орчим тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэсэн тооцоог Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газраас гаргасан байна. Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал уулзалтад оролцогчдод Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 293, 294-р тогтоолын талаар танилцуулга хийж, үүрэг хүлээж ажиллах аж ахуй нэгжүүдэд зөвлөгөө өгсөн юм.

Үүний дараа "Ультрасоник” компанийнхан "Эрчим хүч хэмнэх боломжууд” сэдвээр танилцуулга хийсэн. Тус компани 2001 оноос эхлэн ХБНГУ, Швейцарь зэрэг орноос халаалтын болон хэрэгцээний халуун усны тоног төхөөрөмж, цахилгаан, дулааны тоолуур, хуванцар шугам хоолойн систем зэрэг бүтээгдэхүүнийг Монголын зах зээл дээр нэвтрүүлж байна. "Ультрасоник” компанийн захирал Б.Чимэдцэцэг "Монгол улсад дулааны эрчим хүчний тухай хуулийг яаралтай батлах, Улаанбаатар хотоос гадна аймаг, суманд дулааны тоолуур тавих зайлшгүй шаардлагатай байгааг ярьж байлаа. "Ультрасоник” компани Сүхбаатар аймгийн нэгэн сумын дунд сургуульд дулааны тоолуур суурилуулсан бөгөөд сардаа 28 сая төгрөгийг дулаандаа төлдөг байсан сургууль гурван сарын хугацаанд 44 сая төгрөгийн хэмнэлт хийсэн. Тиймээс дулааны тоолууржуулах асуудалд анхаарч ажиллахыг Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагуудаас хүсч байсан юм.
Мөн "Эрчим хүчний тогтвортой санхүүжилтийн үйлчилгээ” төслийн танилцуулга, төсөлд хамрагдах боломж, үр ашиг сэдэвт илтгэлийг ТЭХСҮ-ний Орон нутгийн багийн ахлагч Ц. Энхчимэг танилцууллаа. МонСЕФФ гэдэг нь Монголын Тогтвортой Эрчим хүчийг Санхүүжүүлэх Үйлчилгээ гэсэн утгатай. Энэхүү төслийг Европын Сэргээн БосголтХөгжлийнБанкнаас санхүүжүүлж байгаа бөгөөд эрчим хүчний хэрэглээгээ багасгахаар зорьж байгаа байгууллагуудад Монголын банкуудаар дамжуулан боломжит нөхцөлөөр санхүүжилт олгож байгаа аж. Эрчим хүчний хэрэглээгээ бууруулах, Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой аж ахуй нэгжүүд мэргэжлийн багийн зөвлөгөөг үнэ төлбөргүй авч, хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой юм байна. Тус байгууллагаас Одоо ашиглагдаж буй үйлдвэрийн барилга, үйлдвэрлэлийн дамжлага, тоног төхөөрөмж болон үйлдвэрийг боловсронгуй болгох, Үйлдвэрлэлийн хүчин чадлыг өөрчлөн сайжруулах, өргөтгөх зорилгоор зээл авах боломжтой. МонСЕФФ нь дор хаяж 15 хувийн эрчим хүчний хэмнэлт гаргах, эсвэл шатах түлшийг сэргээгдэх эрчим хүчээр орлуулах төслүүдэд хөрөнгө оруулалт хийдэг. Энэ төрлийн хөрөнгө оруулалт нь зөвхөн эрчим хүчний хэмнэлт гаргаад зогсохгүй үйлдвэрлэлийн бүтээмж өрсөлдөх чадварт ч сайнаар нөлөөлдөг гэдгийг дээрх илтгэлд дурьдаж байсан.
Энэхүү уулзалтын үеэр "Эрчим хүчний хэмнэлтийн менежментийн тогтолцооны Олон улсын ISO 50001 стандарт”-ын танилцуулгыг BSI компанийн Монголыг хариуцсан менежер Б.Ундраа танилцуулсан юм. Дэлхийн нийтэд хэдийнээ танил болсон 100 гаруй жилийн түүхтэй Британы Стандартын Байгууллага (BSI) нь Монгол Улсад ОУ-ын удирдлагын тогтолцооны "ISO” стандартуудыг нэвтрүүлэх, сургалт боловсрол олгох болон байгууллагуудын удирдлагын тогтолцоог баталгаажуулах үйл ажиллагааг 2016 оноос эхлүүлжээ. Тус байгууллагын менежер Б.Ундраа "Эрчим хүчний хэмнэлтийн менежментийн тогтолцооны Олон улсын ISO 50001 стандарт нь "Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн заалтуудтай хэрхэн холбогдож байгааг тун ойлгомжтойгоор тайлбарлаж өгсөн.
Уулзалтад оролцогчид Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан болон, Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал нараас сонирхсон асуултаа асууж, хариулт авлаа. Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан "Энэ уулзалт маш үр дүнтэй, халуун дулаан, сайхан уулзалт боллоо. Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж байгаа Эрчим хүчний зохицуулах хороо хууль дүрэм журамаа тайлбарлаж, шинэ техник технологийн талаар "Ультрасоник” компани мэдээлэл өгч, Эрчим хүч хэмнэлт хийхийг зорьж байгаа компаниудад хөрөнгө мөнгөний тусламж, хөнгөлөлттэй зээл олгох боломжтой гэдгийг"Эрчим хүчний тогтвортой санхүүжилтийн үйлчилгээ” төслийнхөн танилцуулж, "Эрчим хүчний хэмнэлтийн менежментийн тогтолцооны Олон улсын ISO 50001 стандартын талаар бид дэлгэрэнгүй мэдээлэл авч чадлаа. Бидэнд эрчим хүч хэмнэх бүрэн боломж байна. Хууль, эрх зүйн орчин байна, хэмнэлтийн мэргэжилтнүүд бэлтгэгдэж эхэллээ. Хөрөнгө оруулалт хийх гадны байгууллага бэлэн байна. Эрчим хүчний хэмнэлттэй техник технологи өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тиймээс илүү санаачлагатай ажиллаж чадвал том үр дүнд хүрэх боломжтой гэдгийг энэ уулзалт бидэнд ойлгуулж өглөө” гэж ярьсан юм гэж Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлэв.


















