Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Бизнесийн салбарт хүний эрхийг хангах” нь Баруун бүсийн цахим хэлэлцүүлэг боллоо

Өчигдөр болсон Баруун бүсийн хэлэлцүүлэгт Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд, Завхан аймгийн төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагаас нийт 117 хүн цахим хуралд оролцож, санал бодлоо солилцлоо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
“Бизнесийн салбарт хүний эрхийг хангах” нь Баруун бүсийн цахим хэлэлцүүлэг боллоо
“Бизнесийн салбарт хүний эрхийг хангах” нь Баруун бүсийн цахим хэлэлцүүлэг боллоо. Зураг: МҮОНРТ

Дэлхий дахинд бүхий л салбарт хөрөнгө оруулагчид бизнес эрхлэгчид, тэдгээрийн ханган нийлүүлэгчдэд, хэрэглэгчид үйлчлүүлж байгаа газар бүрт аливаа бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ нь байгаль орчинд ээлтэй, хүний эрхийг зөрчөөгүй байх шаардлагыг тавьдаг болжээ. Монгол Улсын хувьд ч бизнесийн байгууллагууд экспортод бараа бүтээгдэхүүн гаргах, олон улсын зах зээлд гарахын тулд дээрх шаардлагыг хангасан байх хэрэгцээ шаардлага үүсч байна.

НҮБ-аас 2011 онд Бизнес ба Хүний эрхийн удирдах зарчмуудыг баталсан. Энэхүү баримт бичиг нь хүний эрхийг ХАМГААЛАХ төрийн үүрэг, хүний эрхийг ХҮНДЭТГЭХ бизнесийн байгууллагын хариуцлага, зөрчигдсөн эрхийг СЭРГЭЭХ бизнес, төрийн үүрэг гэсэн гурван тулгуурт суурилсан 31 зарчмаас бүтдэг. Дэлхийн дахинд бизнес ба хүний эрхийн энэхүү зарчмуудыг төр, хувийн хэвшлийнхэн бодлого, үйл ажиллагаандаа тусгах чиглэлээр Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

Монгол Улс 2015 онд Хүний эрхийн төлөв байдлын хоёр дахь тайлангаа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөр хэлэлцүүлэх үед Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмыг хэрэгжүүлэх, энэ зорилгоор үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө батлах зөвлөмжийг манай улсад өгсөн байдаг. Экспорт, импорт, гадаад худалдаа хил хязгааргүй болж буй энэ цаг үед бизнес ба хүний эрхийн чиглэлээр олон улсад тавигддаг шаардлагуудтай цаг алдалгүй танилцаж, энэ чиглэлийн олон улсын стандартуудыг төр, хувийн хэвшил бодлого, үйл ажиллагаандаа тусгаж, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай юм.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ГХЯ-аас НҮБХХ, Европын Холбоо зэрэг түншид хүсэлт тавьж, идэвхтэй яриа хэлцэл өрнүүлсний үр дүнд Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр НҮБХХ-өөс Ази номхон далайн бүс нутагт хэрэгжиж буй “Бизнес ба хүний эрх” хөтөлбөрт Монгол Улс 2021 оны 2 дугаар сараас эхлэн хамрагдсан. Энэхүү хөтөлбөр нь Азийн долоон улсад хэрэгждэг бөгөөд 2021 оны 04 сарын 29-нд төслийн Монгол дахь нээлтийг хийснээр манай улсад “Бизнес ба хүний эрх” төсөл албан ёсоор хэрэгжиж эхэлсэн.

НҮБ-аас баталсан Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмуудыг бодлого, үйл ажиллагаандаа тусгах хүрээнд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан бүх яамд, мөн их дээд сургууль, бизнес, төрийн бус байгууллагын төлөөлөл багтсан ажлын хэсэг бизнесийн салбарт хүний эрхийг хангах Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд төслийн дэмжлэгтэйгээр бизнес ба хүний эрхийн суурь орчин нөхцөлийг тодорхойлох зорилгоор өнгөрсөн хугацаанд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллийг оруулсан 20 удаагийн хэлэлцүүлэг, анкетын судалгаа, баримт бичгийн судалгаа зэргийг хийлээ. “Бизнесийн салбарт хүний эрхийг хангах нь” баруун бүсийн цахим хэлэлцүүлгийн үеэр эдгээр судалгаа, хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэсэн бизнес ба хүний эрхийн суурь үнэлгээний урьдчилсан дүнг танилцуулж, оролцогчдын санал, мэдээллийг мөн сонслоо.

Өчигдөр болсон Баруун бүсийн хэлэлцүүлэгт Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд, Завхан аймгийн төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагаас нийт 117 хүн цахим хуралд оролцож, санал бодлоо солилцлоо.

Хуваалцах