БНАСАУ-д нийслэл Пхеньян хотод цэргийн ёслолын парад болжээ
Умард солонгосын арми байгуулагдсаны 75 жилийн ойг лхагва гарагт тус улсад ёслон тэмдэглэжээ. Энэ хүрээнд өчигдөр орой нийслэл Пхеньянд цэргийн ёслолын парад болсон тухай өмнөд солонгосын хэвлэлүүд уламжилж байна. Умард солонгост цар тахлын дэгдэлт эхэлсэн өнгөрсөн оны 4-р сараас
Мэдээллийн алба

Умард Солонгосын арми байгуулагдсаны 75 жилийн ойг лхагва гарагт тус улсад ёслон тэмдэглэжээ. Энэ хүрээнд өчигдөр орой нийслэл Пхеньянд цэргийн ёслолын парад болсон тухай өмнөд солонгосын хэвлэлүүд уламжилж байна. Умард Солонгост цар тахлын дэгдэлт эхэлсэн өнгөрсөн оны 4-р сараас хойш анх удаа ийм өргөн хэмжээний цэргийн парад хийснийг хэвлэлүүд мөн онцолж байна.
Харин умардын удирдагч Ким Жон Ун энэ ёслолд биечлэн оролцсон эсэх нь тодорхойгүй байна. Өмнө нь умардын төрийн мэдлийн хэвлэлүүд удирдагчийнхаа эхнэр, охины хамт өндөр тушаалын цэргийнхний хүлээн авалт дээр байгаа гэрэл зургийг нийтэлсэн байна. Өмнөд Солонгосын “Ёнхап” мэдээллийн агентлагийн уламжилснаар, ёслолын парадад 20000 гаруй цэрэг оролцож, шинэ зэвсэглэлүүдийг дэлгэн үзүүлжээ. Умардын удирдагч Ким Жон Ун батлан хамгаалахын ойрын 5 жилийн төлөвлөгөөнийхөө хүрээнд тактикийн цөмийн зэвсгийг олноор үйлдвэрлэж, цөмийн цэнэгт хошууны үйлдвэрлэлийг “эрчимтэй” нэмэгдүүлэн, 2023 онд тив алгасагч баллистик пуужин шинээр хөгжүүлэх зорилт дэвшүүлээд байгаа юм.
Үүний зэрэгцээ Умард солонгосын Эрх баригч Хөдөлмөрчний намын Цэргийн төв комисс сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх, байлдааны ажиллагаагаа боловсронгуй болгох хүрээнд зэвсэгт хүчнийхээ ажиллагааны болон байлдааны дадлага сургуулилтыг байнга эрчимжүүлж нэмэгдүүлэхээр шийдвэрлэснийг умардын мэдээний төв агентлаг даваа гарагт мэдээлсэн юм.


















