БНЧУ-д сурч буй оюутнуудтай уулзлаа
БНЧУ-д суугаа элчин сайд Д.Зүмбэрэллхам Англо-Америкийн Их сургуулийн олон улсын харилцаа, дипломатын сургуулийн урилгаар оюутнуудтай саяхан уулзав.
Мэдээллийн алба

БНЧУ-д суугаа элчин сайд Д.Зүмбэрэллхам Англо-Америкийн Их сургуулийн олон улсын харилцаа, дипломатын сургуулийн урилгаар оюутнуудтай саяхан уулзав.
Англо-Америкийн Их сургууль нь 1990 онд байгуулагдсан бөгөөд барууны дээд боловсролын стандарт, сургалтын арга барилыг нэвтрүүлсэн Чехийн ууган хувийн их сургуулиудын нэг юм.
Элчин сайд Д.Зүмбэрэллхам уулзалтын үеэр Монгол улсын өнөөгийн нийгэм, улс төр, эдийн засаг, гадаад харилцаа болон Монгол-Чехословак, Монгол-Чехийн харилцаа, хамтын ажиллагааны талаар товч мэдээлэл хийж цугларсан оюутнуудын сонирхсон асуултад хариулав. Тухайлбал, ардын дипломат буюу "зөөлөн хүчний бодлогын" хүрээнд Монгол улс хэрхэн дипломат үйл ажиллагаа явуулдаг болон БНЧУ дахь монголын ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн, түүнтэй холбоотой нийгэм хамгаалал, дасан зохицох асуудал зэрэг сонирхолтой асуудлаар ярилцлага хийжээ.
Тус сургуулийн профессор, оюутнууд ярилцлагад идэвхтэй оролцож цаашид ЭСЯ-тай хамтран ажиллахаар болов.


















