БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирнэ.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирнэ. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпин тус айлчлалынхаа үеэр Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой хэлэлцээ хийж, Хятад-Монголын улс төрийн чухал баримт бичигт гарын үсэг зурах бөгөөд улс төр, эдийн засаг, банк санхүү, хүмүүнлэгийн салбарыг хамарсан хоёр талт хамтын ажиллагааны гэрээг үзэглэх ёслолд оролцоно.
Талууд НҮБ, ШХАБ, Азид итгэлцэл хамтын ажиллагааг бэхжүүлэх хөдөлгөөний хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, Торгоны зам дагуух эдийн засгийн бүс болон Азийн дэд бүтцийн барилга байгуулалтын хөрөнгө оруулалтын банк байгуулах талаар санал бодлоо солилцох юм.
Түүнчлэн Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай уулзаж, Монгол Улсын парламентын чуулган дээр илтгэл тавьж, эдийн засаг, худалдааны арга хэмжээнд оролцоно.
Энэ айлчлал нь түүний Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга хэмээх өндөр албан тушаалд орсноос хойш Монгол Улсад хийж буй анхны айлчлал бөгөөд Хятад улсын тэргүүн 11 жилийн дараа Монгол Улсад дахин зочилж байгаагаараа онцлог юм.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийх төрийн айлчлал 2014 оны наймдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд үргэлжилнэ.


















