БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт бүртгүүлсэн иргэдээс 2-нд бичгийн шалгалт авна
БНХАУ-ын тэтгэлэгт хамрагдахыг хүссэн иргэдээс холбогдох байгууллага ирэх гуравдугаар сарын 2-нд бичгийн шалгалт авна.
Мэдээллийн алба

Урд хөршийн Засгийн газрын тэтгэлэг зарлагдаж, ирэх хичээлийн жилд Монгол Улсын 252 иргэнийг тэтгэлэгтэй боловсрол эзэмшүүлэхээр болсон. Тэгвэл Монголоос Хятадын Засгийн газрын тэтгэлэгт 1077 хүн элсэх хүсэлтээ хүргүүлжээ. Тухайлбал, бакалавр 447, магистрантур 519, докторантурт 111 хүн суралцахаар материалаа хүргүүлсэн байна.
БНХАУ-ын тэтгэлэгт хамрагдахыг хүссэн иргэдээс холбогдох байгууллага ирэх сарын 2-нд бичгийн шалгалт авна. Тодруулбал, бакалаврын тэтгэлэгт бүртгүүлсэн элсэгчдээс англи, хятад хэл, математикийн шалгалт, магистр, докторт сурах хүсэлтэй иргэдээс англи, хятад хэлний шалгалт авах аж. Ийн тус шалгалтад тэнцсэн элсэгчдийг ярилцлагад дуудах юм байна.
Дашрамд дуулгахад, хэлний шалгалт өгөх иргэдийг 2В харандаа, баллуур, хар өнгийн үзэг, заавар болон иргэний үнэмлэхтэйгээ очихыг БСШУСЯ-наас анхааруулав. Харин бичгийн шалгалтын дүн болон ярилцлагад орох иргэдийн хуваарийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбар, цахим хуудас болон БСШУСЯ-ны цахим хуудасны “Гадаадад суралцах” хэсэгт байрлуулах юм байна.


















