БНСУ-д "омикрон" хувилбарын тархалт эрчимжиж, хязгаарлалтын журмаа чангатгалаа
ДЭМБ коронавирусний шинэ хувилбар болох “омикрон” нь дэлхийн 89 оронд илэрсэн тухай мэдээлсэн.
Мэдээллийн алба

ДЭМБ коронавирусний шинэ хувилбар болох “омикрон” нь дэлхийн 89 оронд илэрсэн тухай мэдээлсэн. Шинэ хувилбарын тархалт эрчимжиж байгаагаас үүдэн улс орнууд дотоод дахь хязгаарлалтаа чангатгаад байна.
БНСУ 12 дугаар сарын эхээр хэрэгжүүлж эхэлсэн хязгаарлалт үр дүнд хүрэхгүй байгаа тул зарим журмаа чангатгаж байгаагаа мягмар гарагт зарлалаа. Тус улсын хэрэгжүүлж байгаа шинэ журамд зааснаар хувийн уулзалтад дөрвөөс дээш хүн оролцохгүй байх, дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэд вакцины гэрчилгээ болон сөрөг хариунд үндэслэж олон нийтийн газраар үйлчлүүлэх юм байна.
Мөн гадаадаас ирэх жуулчид болон өөрийн улсын иргэдийг бүрэн вакцинд хамрагдсанаас үл хамааран 10 хоног тусгаарлана. Тус улс коронавирусний “омикрон” хувилбараас шалтгаалан гадаадаас ажиллах хүч авахаа мөн хойшлуулаад байна.
БНСУ-д “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх вакцины нэгдүгээр тунд нийт хүн амын 94.7 хувь, хоёрдугаар тунд 92 хувь, нэмэлт тунд 22.6 хувь нь хамрагдсан байна.


















