БНСУ-ын автомашин үйлдвэрлэгчид бензин, дизель хөдөлгүүртэй автомашиныг хориглохыг дэмжиж байна
Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч 10 том компанийн 8 нь бензин хөдөлгүүртэй автомашины худалдааг 2035 он гэхэд хориглохыг дэмжиж байгаа судалгаа гарчээ.
Мэдээллийн алба

Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч 10 том компанийн 8 нь бензин хөдөлгүүртэй автомашины худалдааг 2035 он гэхэд хориглохыг дэмжиж байгаа судалгаа гарчээ. Автомашин үйлдвэрлэлийн салбарт ажиллагсдын 82 хувь нь дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашиныг 2035 оноос хойш худалдаанд гаргахгүй байх нь зүйтэй гэсэн бол, 64 хувь нь 2030 он гэхэд хорих нь зүйтэй гэж судалгаанд хариулжээ.
Тодруулбал, байгаль орчин хамгааллын Грийнпийс, Солонгосын төмөрлөгийн үйлдвэрийн ажилчдын холбооноос гаргасан уг судалгааг улс орон даяар явуулж, ХюндайМоторс, Киа, ЖенералМоторс зэрэг компаниудын ажилчид хамрагдсан юм байна. Судалгаанд оролцогчдын 94 гаруй хувь нь цаг уурын өөрчлөлтийг зогсоохгүй бол дэлхийн болон Солонгосын эдийн засагт нөхөж баршгүй хохирол учруулахуйц “онц ноцтой” түвшинд байгааг хүлээн зөвшөөрчээ.
Өмнөд Солонгосын шинээр сонгогдсон ерөнхийлөгч ЮнСогЁл 2050 он гэхэд хүлэмжийн хий ялгаруулдаггүй улс болох засгийн газрынхаа амлалтын хүрээнд 2035 он гэхэд дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашины худалдааг хориглохоо амлаад байгаа юм. Түүний төлөвлөгөө цахилгаан автомашинд бүрэн шилжих хугацааг буруу тооцоолсон гэж үзэж байгаа Солонгосын автомашин үйлдвэрлэгчдийн холбоо болон Солонгосын автомашины сэлбэг үйлдвэрлэгчдийн холбооноос эсэргүүцэлтэй тулгараад байна.
Дээрх судалгааны үр дүн шинээр сонгогдсон ерөнхийлөгч амлалтаа биелүүлэхэд чухал түлхэц болно гэж судалгааг гаргасан байгууллагуудын шинжээчид онцолсон. 2021 оны байдлаар Өмнөд Солонгост ойролцоогоор 232 мянган цахилгаан автомашин, бензин болон дизель хөдөлгүүртэй автомашин 21 сая гаруй байна.
Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгчид ойрын жилүүдэд байгальд ээлтэй автомашины борлуулалтаа эрс нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа. Тухайлбал тус улсын тэргүүлэгч Хюндай компани 2030 он гэхэд нийт борлуулалтынхаа 36 хувийг цахилгаан автомашинаар бүрдүүлэхээр зорьж байна.


















