БНСУ-ын ерөнхийлөгч байгаль хамгаалах 5 сая ам.долларын сантай болохоо зарлалаа
БНСУ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, экологийн цэвэр технологийг хөгжиж буй орнуудад нэвтрүүлэх зорилготой төсөл хөтөлбөрүүдийг
Мэдээллийн алба

БНСУ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, экологийн цэвэр технологийг хөгжиж буй орнуудад нэвтрүүлэх зорилготой төсөл хөтөлбөрүүдийг дэмжих бодлогоо өргөжүүлэхээр төлөвлөж байгаагаа зарлалаа.
Энэ тухай тус улсын Ерөнхийлөгч МунЖэИн өнгөрсөн ням гарагийн Сөүл хотноо нээлтээ хийсэн 2030 он хүртэлх Ногоон өсөлт, дэлхийн зорилтуудын төлөөх түншлэлийн дээд уулзалтыг нээж хэлсэн үгэндээ онцолсон байна.
Ерөнхийлөгч МунЖэИн мөн энд хэлсэн үгэндээ олон улсын ногоон өсөлтийн институтийн дэргэд 5 сая ам.долларын сан байгуулахаа амлалаа. Үүний зэрэгцээ 2030 он гэхэд байгаль орчныг хамгаалсан эдийн засгийг хөгжүүлэхийн тулд төсвийн зардлаа нэмэгдүүлэхээ мэдэгджээ. Тэрбээр 2023 онд БНСУ-д уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлыг зохион байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Ногоон өсөлт, дэлхийн зорилтуудын төлөөх түншлэлийн дээд уулзалт ийнхүү 2 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн дээд уулзалтад дэлхийн 47 орны төр, засгийн тэргүүн, гишүүд, олон улсын 20 гаруй байгууллагын удирдагч оролцож байгаагийн ихэнх нь цахим хэлбэрээр хуралдаж байна. Дээд уулзалт 2 өдөр үргэлжлэх бөгөөд экологийн дахин сэргэлт, нүүрсхүчлийн хийг саармагжуулах асуудлыг үндсэн хуралдаанаар хэлэлцсэн байна.
Энэ хуралдаанд АНУ-ын Ерөнхийлөгчийн уур амьсгалын асуудал эрхэлсэн тусгай элч төлөөлөгч Жон Керри, Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйен нар оролцлоо.


















