Бохир орчин, зориулалтын бус саванд хадгалсан сүү, цагаан идээнээс татгалзъя
Хорт хавдрын тодорхой хувь нь хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын бус сав суулганд хадгалан хэрэглэдэгтэй холбоотой байдаг байна. Энэ эрсдэлийн үр дагавраас сэргийлж, холбогдох газар,
Мэдээллийн алба

Хорт хавдрын тодорхой хувь нь хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын бус сав суулганд хадгалан хэрэглэдэгтэй холбоотой байдаг байна. Энэ эрсдэлийн үр дагавраас сэргийлж, холбогдох газар, орон нутгаас зохицуулалт хийсээр байгаа ч, ил задгай худалдаа, тэр дундаа сүү цагаан идээг зориулалтын бус, элдэв барилгын материалын саванд хадгалах, худалдаалах явдал байсаар байна.
МХЕГ-аас ил задгай хүнсний ямар ч төрлийн бүтээгдэхүүн худалдан борлуулахыг хориглосон. Гэвч яг энэ байршилд 10 гаруй жил амьжиргаагаа залгуулж байгаа сүү цагаан идээний худалдаа эрхлэгчдээс өдөрт хэчнээн иргэн худалдан авалт хийж байгааг тооцоолбол өндөр тоо гарах нь мэдээж. Цөөнхийн эрх ашгаас олон нийтийн эрх ашиг, эрүүл мэндийг чухалчлах нь шаардлагатай байна. Нөгөө талаас орон нутгийн өнгө үзэмж, иргэдийн эрүүл мэндийг бодолцож, тогтоосон журмыг мөрдөх нь зөв. Үүнд иргэд шүүмжлэлтэй хандаж байна.
Тэдэнд хууль хяналтын байгууллагаас зөрчлийн тухай хуулийн зөвшөөрөлтэй худалдаа, үйлдвэрлэл эрхлэх үйлчилгээг зөвшөөрөлгүй явуулсан гэх үндэслэлээр 50 нэгжээр торгууль ногдуулдаг. Мөн орон нутгаас ил задгай худалдааг цэгцлэх журмын дагуу тэдэнд байршил зааж өгсөн ч эсэргүүцэн, явган хүний зам, авто замын явган гарцад шороо тоос, бохир орчинд элдэв барилгын материал, ариутгаагүй ундааны саванд бүтээгдэхүүнээ худалдсаар байна. Орхон аймгийн МХГ-аас яг энэ чиглэлд одооноос хатуу анхаарч ажиллана гэлээ.
Жишээ дуулгахад 2017 онд Хангай бүсийн аймгуудын 100 000 хүн амд оногдох хорт хавдрын өвчлөл улсын дунджаас 40 тохиолдлоор өндөр, энэ аймгуудын дотор Орхон аймгийн өвчлөл 126 тохиолдол оногдож хамгийн өндөр хавдрын өвчлөлтэйгөөр гарчээ. Хорт хавдрын голлох шалтгаан нөхцлийн нэг нь хүнсний аюулгүй байдал алдагдсантай холбоотой мэргэжилтнүүд үзэж байна. Хүний амьдрал мөнх бус, иргэдийн ходоод хогийн сав биш. Тиймээс элдэв нян химийн урвалаар бохирлогдсон хүнснээс татгалзахыг уриалж байна. Хяналтын байгууллага ч энэ чиглэлд дорвитой, үр дүнтэй ажиллаж, орон нутаг холбогдох зохицуулалтыг нэн яаралтай хийх шаардлагатай байна гэж Орхон аймгаас манай сурвалжлагч А.Саранчимэг мэдээллээ.


















