Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Болгарын сонгуулийн хуульд орсон өөрчлөлтөөс болж парламентийн үйл ажиллагаа зогсчээ

Болгарын сонгуулийн хуульд орсон өөрчлөлтийн улмаас сөрөг хүчнийхэн парламентийн үйл ажиллагааг зогсоолоо.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Болгарын сонгуулийн хуульд орсон өөрчлөлтөөс болж парламентийн үйл ажиллагаа зогсчээ
Болгарын сонгуулийн хуульд орсон өөрчлөлтөөс болж парламентийн үйл ажиллагаа зогсчээ. Зураг: МҮОНРТ

Болгарын сонгуулийн хуульд орсон өөрчлөлтийн улмаас сөрөг хүчнийхэн парламентийн үйл ажиллагааг зогсоолоо. Болгарын сөрөг хүчний нам болох Социалист намынхан саяхан сонгуулийн хуульд өөрчлөлт оруулсныг эсэргүүцэн шударга сонгууль явуулах боломжгүй боллоо гэж шүүмжилж байна. Тэд тодорхойгүй хугацаагаар парламентийн хурал хаяжээ.

Тус улсын парламентийн 240 суудлын 79 нь Социалист намын суудал тул сөрөг хүчнийхэн ийн хурал хаяснаар хууль батлах ирц бүрдэхгүй болж буй юм байна.

Тэд сонгуулийн хууль нь олигархууд болоод компаниудын ашиг сонирхолд нь нийцсэн хууль байсаар ирснээс гадна хөшигний ард болсон зохицуулалтууд нь зөвхөн гол намуудад ашигтай байдаг гэж үзэж байна. Мөн “Болгарын парламентийн нэр хүнд доод түвшиндээ хүрч унасан энэ цаг үед ард иргэдийнхээ амьдралыг сайжруулах хууль хэрэгжүүлэхгүй байна” гэж Болгарын Социалист нам эрх баригч төв барууны баримжаатай эвслийн намуудаа шүүмжилсэн байна.

Өнгөрөгч 12 дугаар сарын байдлаар Болгарын парламентийн нэр хүнд найман хувьд хүрч унасан байсан юм. Сөрөг хүчнийхний хувьд парламентийн хурлыг орхихгүйн тулд сонгуулийн хороогоо шинээр сонгох, автомат машинаар санал өгөх талаар дахин хэлэлцүүлэг явуулах зэрэг хэд хэдэн нөхцөл тавьж буй юм байна.

Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт баталсан Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр 2019 онд Болгарт болох хоёр гол сонгуулиар давуу эрхтэйгээр санал өгөхөд хязгаар тогтоож, автомат машинаар санал өгөх зэрэг заалтууд ороод буй юм байна. Тавдугаар сард Болгарт Евро Парламентийн сонгууль болох бол аравдугаар сард орон нутгийн сонгууль болно.

Хуваалцах