Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бордооны үйлдвэрийг санаатай галдсан болохыг тогтоолоо

2013 онд АНУ-ын Техас муж улсын бордооны үйлдвэрт гал гарч, 15 хүн амь үрэгдэн 200 хүн гэмтэж шархдаж байсан. Энэ явдалтай холбогдуулан цагдаа нарын

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бордооны үйлдвэрийг санаатай галдсан болохыг тогтоолоо
Бордооны үйлдвэрийг санаатай галдсан болохыг тогтоолоо. Зураг: МҮОНРТ

2013 онд АНУ-ын Техас муж улсын бордооны үйлдвэрт гал гарч, 15 хүн амь үрэгдэн 200 хүн гэмтэж шархдаж байсан. Энэ явдалтай холбогдуулан цагдаа нарын хийсэн мөрдлөг шалгалтаар үйлдвэрт санаатай гал тавьсан нь тогтоогджээ. Одоо албаныхан гал тавьсан этгээд хэн болохыг тогтоохоор ажиллаж байна.

Уэст Фертилайзер компанийн үйлдвэрт 2013 оны дөрөвдүгээр сарын 17-ны шөнө гал гарч, дэлбэрэлт болох үеэр ойролцоох бүс нутагт 2,1 магнитудын чичиргээ мэдрэгдсэн байдаг. Дэлбэрэлтээс үүдэн олон арван айлын орон сууц нурж сүйдэн, өндөр насны асрах газар, ерөнхий боловсролын сургуулиудын барилгад хүнд хохирол учирсан юм. Мөн үеэр амь үрэгдсэн 15 хүний 12 нь гал унтраахаар ажиллаж байсан онцгой байдлын газрын албан хаагчид байжээ.

Мөрдөн байцаагчид галын шалтгааныг тодруулахын тулд 400 орчим хүнийг байцааж, үйлдвэрийн байрыг загварчлан гал тархах явцыг турших зэргээр ажилласан юм байна. Эдгээр туршилт, байцаалтын дүнг нэгтгэн үзэхэд үйлдвэрт ямарваа осол гэмтлээс үүдэн гал гараагүй нь тодорхой болсон байна. Уэст Фертилайзер компанийн үйлдвэрийг галдсан этгээдийг тодруулахад туслалцаа үзүүлсэн, уг этгээдийн талаар мэдээлсэн хүнд цагдаа нар 50 мянган америк долларын шан амлалаа.

Хуваалцах