“Борцгор хотон” шувууны хошуу 1 ширхэгийг хадгалж байсныг илрүүллээ
Экологийн цагдаагийн албаны алба хаагчид Чингэлтэй дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт алт худалдан авах хайлуулах үйл ажиллагаа эрхэлдэг иргэн “Б” ажлын байрандаа хуванцар савтай 200 грамм мөнгөн ус, Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэн ховор амьтанд бүртгэгдсэн “Борцгор
Мэдээллийн алба

Экологийн цагдаагийн албаны алба хаагчид Чингэлтэй дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт алт худалдан авах хайлуулах үйл ажиллагаа эрхэлдэг иргэн “Б” ажлын байрандаа хуванцар савтай 200 грамм мөнгөн ус, Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэн ховор амьтанд бүртгэгдсэн “Борцгор хотон” шувууны хошуу 1 ширхэгийг хадгалж байсныг илрүүллээ.
Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор мөнгөн ус болон мөнгөн усны органик, органик бус нэгдлүүдийг “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн бодисын жагсаалт”-д оруулж, Байгаль орчны сайдын 2008 оны тушаалаар мөнгөн усыг ашигт малтмалын олборлолт, боловсруулалтад ашиглахыг хориглосон. Эрүүл мэндийн байгууллагын 2012, 2014 онуудад хийсэн “Гар аргаар алт олборлогчдын мөнгөн усны хэрэглээ, түүний эрүүл мэндийн нөлөөллийн судалгаа”-аар гар аргаар алт олборлогч иргэдийн цусан дахь мөнгөн усны агууламж 14.3 хувь, шээсэн дэх мөнгөн усны агууламж 24.5 хувь илэрч байгаа нь Монгол Улсын хүн амын удмын сан, байгаль экологид ноцтой хор уршиг учруулж болохуйц хэмжээнд байгааг харуулж байна.
Мөнгөн ус болон түүний нэгдэлд агуулсан бодис нь хүрээлэн байгаа орчныг ноцтой бохирдуулж, хүн, мал, амьтны биед амьсгалын зам, арьс болон хоол хүнс, идэш, тэжээлээр дамжин нэвчин орж, амьсгалын тогтолцоо, нүд, арьс салстыг хордуулж, төв мэдрэлийн системийг гэмтээж, удмын санд нөлөөлж удаан хугацааны туршид хордуулдаг онцгой хортой бодис юм.

Эх сурвалж: Экологийн Цагдаагийн Алба


















