Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бразилд өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгууль болж байна

Бразилд өнөөдөр бүх нийтийн сонгууль болж байна. Энэ сонгуулиар Бразилийн ард иргэд ирээдүйн төрийн тэргүүнээ сонгоно.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Бразилд өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгууль болж байна
Бразилд өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Зураг: МҮОНРТ

Бразилд өнөөдөр бүх нийтийн сонгууль болж байна. Энэ сонгуулиар Бразилийн ард иргэд ирээдүйн төрийн тэргүүнээ сонгоно. Бразилийн сонгуулийн дээд шүүхийн мэдээгээр, 147.3 сая сонгогч санал өгөх эрхтэй бөгөөд 18-70 настай хүн бүр саналаа өгөх эрхтэй аж. Сонгуульд саналаа өгөөгүй тохиолдолд нэг долларын торгуультай ч үүнийг тэр болгон мөрдөөд байдаггүй гэнэ.

16-17 настай, 70-аас дээш настай иргэд, мөн бичиг үсэггүй иргэд хүссэн тохиолдолд санал өгч болдог юм байна. Энэ сонгуулиар шинэ Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, 54 сенатч, парламентын доод танхимын 513 депутат, 27 мужийн захирагчийн нэр тодрох аж. Улс орон даяар 280-аад мянган цагдаа сонгуулийн үеэр аюулгүй байдал хангах юм байна.

Бразилийн хуульд зааснаар, нэр дэвшигч эхний шатын сонгуульд ялахын тулд 50-иас дээш хувийн санал авах ёстой, тэгж чадахгүй тохиолдолд хоёр дахь шатны санал хураалт явагдана. Ерөнхийлөгчийн сонгуульд 13 нэр дэвшигч нэрээ дэвшүүлээд байгаа ч тэднээс зөвхөн дөрөв нь л дараагийн шатанд орох магадлал өндөр байна.

Өнөөгийн Ерөнхийлөгч Мишель Темер нэрээ дэвшүүлээгүй. Ерөнхийлөгчийн сунгаанд Социал-либерал намын нэр дэвшигч Жаир Болсонару тэргүүлэх магадлал хамгийн өндөр буюу нийт сонгогчдын 35 орчим хувь нь түүний төлөө саналаа өгөхөөр байгаа аж.

Хөдөлмөрчдийн намаас нэр дэвшигч Фернанду Аддад сунгаанд удаалж байна. Сонгогчдын 22 орчим хувь нь энэ хүнийг дэмжих бололтой. Түүний араас Ажилчны ардчилсан намын Сиру Гомес, Бразилийн Социал-демократ намаас нэр дэвшигч, Сан-Паулу хотын захирагч асан Жерарду Алкмин явна.

Энэ дөрвөн хүнээс хоёр дахь шатанд хэн өрсөлдөх нь тодорно гэж ажиглагчид үзэж байна. Бразилийн 26 мужийн 12-т нь “хуурай хууль” үйлчилж байна. Эдгээр мужид архи согтууруулах ундаа худалдах, хэрэглэхийг хориглож буй юм байна. Яагаад энэ хуулийн үйлчлэл улс орон даяар хэрэгжихгүй байгаа нь муж болгон хуулийг мөрдүүлэх эсэхэд бие даан шийдвэр гаргадагтай холбоотой ажээ.

Хуваалцах