Британи олон улсын аялалд тогтоосон хязгаарлалтаа сулруулна
Британийн насанд хүрсэн хүн амын 61 хувь нь коронавирусний вакцины бүрэн тунд хамрагдсан бол 83 хувь нь эхний тунг хийлгэжээ.
Мэдээллийн алба

Британи улс коронавирусний вакцинд бүрэн хамрагдсан иргэдээ олон улсад аялж жуулчлахыг зөвшөөрөх замаар аялал жуулчлалын хязгаарлалтаа сулруулахаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл вакцинд бүрэн хамрагдсан иргэдээ тодорхой шалгуур хангасан улс орнуудад аялаад ирэхэд нь өөрийгөө тусгаарлах журам мөрдөхгүй болох юм.
Тус улсын Засгийн газар энэ зуны сүүлээр уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг Тээврийн яам нь мэдэгджээ. Энэ шинэ журмаар коронавирусний эсрэг вакцинд бүрэн хамрагдсан иргэдийг Засгийн газрынхаа аюул багатай гэж үзсэн улс орнуудын жагсаалтад багтсан газруудад аялахыг зөвшөөрөх юм. Тус улсын цар тахлын аюулгүй багатай гэж үзэж буй жагсаалтад АНУ болон Европын дийлэнх улс багтаж байгаа юм. Мөн Британийн Засгийн газар дэлхийн 17 улс, газар нутаг тэр дундаа Мальт, Антигуа, Барбуда, Гренада зэрэг арлын бүсийг аялахад аюулгүй ногоон жагсаалтад нэмж оруулжээ. Эдгээр арлууд руу энэ сарын 30-наас эхлэн аялахыг зөвшөөрөх юм байна.
Харин аялахыг хориглосон улаан бүсийн жагсаалтад Эритрэй, Гаити, Доминиканы бүгд найрамдах улс, Монгол, Тунис, Уганда зэрэг улсыг нэмж оруулжээ. Аяллын хязгаарлалтыг сулруулснаар “Ногоон бүсэд” багтаж байгаа орнуудад аялсан иргэд нь эргэж ирээд 10 хоног өөрийгөө тусгаарлах журам мөрдөхгүй болох юм байна.
Британийн иргэний агаарын тээврийн компаниуд болон аялагч иргэд нь олон улсын аяллыг хязгаарласан Засгийн газрынхаа хязгаарлалтыг сулруулахыг шаардаж, дуу хоолойгоо илэрхийлсний дараа Засгийн газар нь шинэ журам гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Тус улсын иргэд тэр дундаа онгоцны нисгэгч, зочид буудлын удирдлагууд болон аяллын хөтөч нар жагсаалд оролцож, олон улсын аяллыг нээхийг шаарджээ.
Британийн насанд хүрсэн хүн амын 61 хувь нь коронавирусний вакцины бүрэн тунд хамрагдсан бол 83 хувь нь эхний тунг хийлгэжээ.


















