Брюссельд аюулгүйн IV түвшинг долоо хоногоор сунгав
Парист болсон террорист халдлагатай холбогдуулан сэжигтэн этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагаа Бельги, Франц улсуудад үргэлжилж байна.
Мэдээллийн алба

Парист болсон террорист халдлагатай холбогдуулан сэжигтэн этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагаа Бельги, Франц улсуудад үргэлжилж байна. Энэ ажиллагааны хүрээнд ням гарагаас хойш Бельгид 21 сэжигтнийг саатуулан шалгаж, нэгийг нь баривчилсан тухай цагдаа нар мэдээлсэн байна.
Гэхдээ Парисын халдлагын гол сэжигтэн Салах Абдеслам олдоогүй хэвээр байна. Парис хотын захаас тэсрэх бөмбөг бэхэлсэн бүс олдсоныг цагдаа нар Салах Абдесламынх байж болзошгүй гэж үзэж байна. 26 настай Салах Абдеслам Бельгид төрсөн, иймээс халдлагын дараа Парисаас Брюссельд эргэн очсон гэж таамаглаж байгаа юм.
Үүнтэй зэрэгцэн Бельгийн эрх баригчид нийслэл Брюссель хотод тогтоогоод байгаа алан хядах ажиллагааны аюулын хамгийн өндөр буюу IV түвшинг нэг долоо хоногоор сунгалаа. Энэ шийдвэрээ эрх баригчид Парист болсонтой ижил халдлага Брюссельд гарах магадлал өндөр байгаатай холбон тайлбарлаж байгаа юм. Гэхдээ энэ арга хэмжээний хүрээнд түр зогсоогоод байсан Брюсселийн метроны үйлчилгээг маргаашаас сэргээж, дунд сургуулиудын хичээлийг оруулахаар болсон байна. Тус улсын бусад бүс нутагт аюулгүйн III түвшинг мөрдөж байгаа юм.


















